Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дарь-Эхийн шинэ буудлын замд “Ниссан Лаурел” маркийн 50-16 ДГО автомашины жолооч Г.Баярсайхан өнгөрсөн даваа гаригийн үдэш согтуугаар автомашин жолоодож яваад хоёр хүн дайрч, нэгийнх нь амийг хохироолоо. Улмаар хэргийн газрыг орхин зугтсаныг ЗЦГ-ын ажилтнууд тэр шөнө нь олж баривчилжээ. Талийгаач эмэгтэйн овог нэр, оршин суугаа газар нь тодорхойгүй, 40-50 насны хүн байсан бол, Баянгол дүүргийн IX хороонд оршин суух, 54 настай иргэн Д хүнд гэмтсэн байна.
Сэжигтэн Г.Баярсайханыг олж саатуулан согтуурлын зэргийг нь хэмжихэд 1.41 хувьтай гарсан гэнэ. Тэрбээр цагдаагийнханд “Энэ бүхэн миний буруу. Манай найз нар өчигдөр цэргийн баяр тэмдэглэж хоёр шил архи уусан. Найз бүсгүйнхээ хамтаар харих гэж явтал ийм зүйл боллоо. Айгаад хэргийн газрыг орхиж зугтсан. Машинд тухайн үед дөрвөн хүн сууж явсан. Найз бүсгүй маань, “Машин битгий жолоод” гэж хэлж байсан ч үгэнд нь оролгүй явснаас ийм зүйл боллоо” гэж тайлбарлаж байгаа юм.
Тэрбээр автомашинаа худалдаж аваад удаагүй, мөнгийг нь ч гүйцэд төлөөгүй байжээ. Мөн өнгөрсөн даваа гаригт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, “Найрамдал” зуслан явах замд “Тоёота Приус” маркийн автомашин онхолдож, жолооч 20 настай У нас барж, гурван хүн гэмтжээ. Монгол цэргийн өдрийг хэт хавтгайруулан тэмдэглэсний гэрчлэх нэг баримт бол энэ сарын 18-нд согтуу 89 жолоочийг Замын цагдаагийн ажилтнууд журамлажээ. Тухайн өдөр зам тээврийн ослын 168 дуудлага ирж, хоёр хүн нас барж, 26 хүн гэмтсэн байна. Гэмтсэн хүмүүсийн дунд сургуулийн гурав, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд байжээ.