В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийнх болгох Засгийн газрын тогтоол гарсан ч МАН-ынхан музейн барилгыг хүлээлгэн өгөхөөс татгалзаж, энэ асуудал шүүхэд хүрээд байгаа. Өнгөрсөн баасан гаригт ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл МАН-ыг шүүхэд өгсөн тухайгаа мэдээлсэн. Тэгвэл өчигдөр тус яамныхан ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд В.И.Лениний музейн үзмэр алга болсон эсэх асуудлыг шалгуулах албан бичиг илгээжээ. Албан бичигт “ССАЖЯ-наас Монгол Ардын Намд В.И.Лениний музейд тухайн үед хадгалж байсан үзмэрүүдийг хүлээн авах асуудлаар удаа дараа хандсан боловч хүлээлгэн өгөхөөс шалтгаангүйгээр татгалзаж байгаа бөгөөд тус музейд хадгалж байсан 5000 орчим үзмэр болон бусад соёлын дурсгалт зүйлсийг МАН-аас төрийн ямар нэгэн байгууллагад хүлээлгэн өгөөгүй. Түүнчлэн тус музейд байсан үзмэрүүдийн ерөнхий бүртгэл хаана буй нь мэдэгдэхгүй байгаа. Энэ нь дээрх үзмэр, соёлын дурсгалт зүйлсэд хайхрамжгүй хандан үрэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.
Иймд музейн үзмэрийг алга болгосон эсэх, музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрийг санаатайгаар нуун дарагдуулсан буюу үрэг дүүлсэн эсэх асуудлыг шалгаж өгөхийг хүсье” гэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв Төрийн хамгаалалтад байна”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана” гэж заасан байдаг тул ССАЖЯ хуучнаар В.И.Лениний музейд хадгалж байсан үзмэрүүдийг хүлээн авч, хадгалж хамгаалах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.
Яамны мэргэжилтнүүдийн олж тогтоосноор тус музейд Марзан Шаравын бүтээсэн Лениний хөрөг бүхий 90 ам метр хэмжээтэй зээгт наамал, Ленинград хотод урласан “Их замын үе шатууд” 60 тн жинтэй хүрэл цутгамал, ардын зураач Н.Цүлтэмийн “Түүхт уулзалт” тосон зураг, ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасагч” уран зураг зэрэг том хэмжээний бүтээлүүд байжээ. Харин бусад үзмэрийн хувьд бүртгэлийн дэвтэр байхгүй учраас тодорхой мэдээлэлгүй байгаа аж.
Ж.СОЛОНГО