Цас зуд, ган гачгаас илүүтэйгээр малчдын хотыг харлуулж, амьжиргаанаас нь салгадаг гэмтнүүд бол малын хулгайч. Мал хулгайлах гэмт хэрэг жил ирэх тутам нэмэгдэж, гэмт хэрэгтэн нь хохирогчийн хаяанд амьдарч байдаг гэж ярих болсон. Гэвч сэжиглэж буй хүнийг нь цагдаагийнхан үл хайхардаг, эсвэл сэжигтэн нь хохирол барагдуулах нэрээр суллагдаж, бусдыг дахин хохироогоод байдгаас малын хулгайч нарыг цагдаад барьж өгөхөөсөө дуугүй өнгөрөх нь олон болсон гэдэг. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө гэмт этгээд үүд Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Ж-гийн хотыг харлуулж 115 хонь, 11 ямааг нь хулгайлжээ. Хоттой хонины олонх нь хээлтэй байсан аж. Тэдгээр богийг зах зээлийн үнээр бодоход 10 гаруй сая төгрөг өөр үнэлжээ. Энэ хэргийн мөрөөр цагдаагийн байгууллагынхан шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар гэмт этгээдүүдийг удалгүй баривчилсан юм.
Гэмт этгээдүүд хулгайлсан малаа хашаандаа нядалж байхад нь цагдаагийнхан саатуулсан. Уг хэргийг Дархан-Уул аймагт 1978 онд төрсөн, Орхон аймгийн иргэн, эрхэлсэн тодорхой ажилг үй Б.Гэрэлт-Од, төрсөн дүү Я.Сэргэлэн, түүний найз Т.Баярмагнай нарыг дагуулан явж үйлджээ. Гэмт этгээдүүд хохирогчийн 115 хонины 11-ийг нядалж, бусдыг нь нядлахаар зэхсэн байж. Мөн тэдний хонь төхөөрч байсан газраас үхрийн дөрвөн шийр олдсоныг шалгаад Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Б-гийн хашаанаас алдсан үхрийнх болохыг тогтоосон аж. Тэд үхрийн махыг Орхон аймгийн “Хүлэг” хүнсний захад борлуулснаа хүлээжээ. Я.Сэргэлэн, Т.Баярмагнай нар цагдаагийнханд “Ах биднийг мод ачилцаад өг” гэж хэлээд дагуулж явсан. Замдаа айлын хонь хулгайлж нядалъя, мод ачихгүй гэж ятган, хохирогчийн хашаанаас 100 гаруй хонь хулгайлсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байгаа юм.
Уг хэргийг Орхон аймгийн Сум дундын шүүх хэлэлцээд, Б.ГэрэлтОд өмнө нь гурван ч удаа айлын мал хулгайлж байсан, айлын 115 хонь хулгайлахдаа дүү нараа болон тээврийн хэрэгсэл ашигласан гэм буруутайд тооцжээ. Тэдэнд улсын яллагч Б.Батмөнх-Очир 2-3 жил хорих ял оноох санал гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн Б.ГэрэлтОдод гурван жил тэнсэн харгалзах, нөгөө хоёрт нь хоёр жил тэнсэх ял оноосон байна. Харин тэдний гэмт хэрэг хийхдээ ашигласан 74-19 ОРХ дугаартай “Хьюндай Грейс” микроавтобусыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Тэднийг учруулсан хохирлоо төлсөн гэсэн үндэслэлээр ийм ял шийтгэсэн аж.
Айлын хотыг харлуулж, амьжиргаанаас нь салгах шахсан энэ мэт этгээдэд ногдуулах хариуцлага сул байгаагаас л малын хулгайн хэрэг буурахгүй, хулгайч нар шоронгоос суллагдмагцаа дахин энэ төрлийн хэрэг хийж байгааг хууль тогтоогчид анхааралдаа авах цаг хэдийнэ болсон. Чөдрийн ганц морь, саалийн хоёр үнээ, хотон дахь хэдэн хонийг нь хулгайлж байгаа гэмт хэрэгтнүүдийг олон хүний амь нас хохироосон хэрэгтэй адилтган яллаж байхад болохгүй гэх газаргүй шүү дээ.
Г.ОРЧЛОН