Баруун хязгаарын “Тавантолгой” болох Хөшөөтийг Монгол Улсын стратегийн орд гэдгийг Засгийн газар өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн. Уул уурхайн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг асуудлыг УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх гэж байгаа. Ийм үед Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан орон нутгийн удирдлагуудаас анх удаа Хөшөөтийг стратегийн орд гэдгийг хүлээн зөвшөөрөөд, уг ордын 90 хувь нь хятадуудын мэдэлд очсоныг зарласан нь олны анхаарлыг татав. Ховд аймгийн орон нутгийн уурхай байсан энэ баялгийг тухайн үеийн МАХН-ын нарийн бичгийн дарга, БОАЖ-ын сайд асан У.Барсболд худалдан авч, улмаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко “компани хөрөнгө оруулснаар Монгол Улсын стратегийн энэ орд гаднынхны мэдэлд шилжсэн түүхтэй.
Харин өнөөдөр У.Барсболд гэх монгол эзэн нь Хөшөөтийг стратегийн ордоос сугалж үлдсэн шигээ хувьцаагаа худалдсанаар нэрээ цэвэр авч үлдэхийг оролдож буй. Харамсалтай нь, хэрэг хуучирдаггүй гэдэг шиг ард түмэн 51 хүртэлх хувийг эзэмших ёстой энэ ордыг хятадуудад хуйвалдан өгсөн нь улс төрийн аалзны торонд гүн бат орооцолдсоноос сонгууль бүрийн өмнө түүний хоолойг боомилох болсон. Өнгөрсөн жилийн яг өдийд буюу УИХ-ын сонгуулийн өмнө У.Барсболдыг гурав хоног саатуулан шалгасан. Гэтэл саяхан ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ш.Ганболдоор ахлуулсан Ажлын хэсэг Ховдыг зориод ирсэн нь жирийн нэг томилолт биш байсан бололтой. МАН, МАХН хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцох талаарх яриа хэлэлцээр албан бусаар яригдаж буй үед цагдаагийнхан ийнхүү Ховдод ажилласан нь Хөшөөттэй, тэр дундаа У.Барсболдын хэрэгтэй холбоотой гэсэн яриа Саарал ордонд таржээ.
Хонконгийн хөрөнгийн биржээс Хөшөөтийн ордоор гурван тэрбум ам.долларын хөрөнгө босгосон ч Монголд, Ховдод өнөөдрийг хүртэл автозам тавьснаас өөр дорвитой хөрөнгө оруулаагүй “Мо Эн Ко” компанийн цаана улстөрчидтэй холбоотой их юмны зангилаа нуугдаж буй нь сонгууль бүрийн өмнө У.Барсболдоор аалзны торыг нь хөврүүлэх шижүүр болдгийг үгүйсгэх аргагүй.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ