Филиппин улсын иргэн Тереси Эванглиста Бендо болон Монголын иргэн Э.Алтантуяа нар зохион байгуулалттайгаар бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Тереси Бендо 2012 оны тавдугаар сарын 14-ний 22.00 цагт Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Кореан эйрлайнс” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ таван кг 450 гр буюу онц их хэмжээний героин авчирч, манай улсын иргэн Э.Алтантуяад дамжуулах гэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдсан юм. Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг чанга дэглэмтэй хорих ангид 18 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд шүүгдэгчдийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, Р.Пүрэвлхам нар ял нь хүндэдсэн хэмээн давж заалдах гомдол гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх хоёр эмэгтэйн ялыг хэвээр үлдээв.