Улсын начин Ц.Улаанхүүд хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, хадгалж, борлуулсан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноосон. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс уг ялыг хэвээр баталж тэрбээр өдгөө ялаа эдэлж буй. Гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар түүнийг 0.523 кг героин хадгалсан, худалдахыг завдсан гэм буруутай нь нотлогдсон гэж гурван шатны шүүх үзсэн юм.
Анхан шатны шүүхийн бичсэн тогтоол гүйцэтгэх хуудсанд түүний хадгалж байсан героиныг устгахаар дурдсан байна. Иймд шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан хамтран, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр героиныг шатааж устгажээ.
Дашрамд дурдахад, түүнээс хурааж авсан 0.523 кг героиныг залгих зориулалтаар хуруу шиг хэлбэртэй болгон туузан цавуугаар ороосон байсныг тэр чигээр нь хадгалж байсан аж.