Төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, төслийн мөнгөөр тоглосон, хань хамсаатнаасаа чанаргүй бүтээг дэхүүн авч өндөр үнээр нийлүүлсэн гэсэн таагүй мэдээллийг та бишгүй сонссон байх. Төсвийн мөнгийг хэрхэн үрж болдгийн нэг жишээ 2009 онд нийлүүлсэн 1.8 тэрбум төгрөгийн үнтэй 72 ширхэг хогны машин. Тухайн үед Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хогны машин авах тендер зарлаж, “Моннис” ХХК шалгарчээ.
Тус компани нь урд хөршид шинээр үйлдвэрлэсэн гэх цэнхэр өнгөтэй автомашиныг тухайн үеийн дарга нартай тууз хайчлан хүлээлгэн өгсөн түүхтэй. Цагаан бээлий өмссөн хотын удирдлагууд үг хэлж, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд (ТҮК) энэ насандаа эдэлж дуусахааргүй сайн машинуудтай боллоо, бидний хийсэн ажлын үр дүн хэмээж байсан. Гэтэл 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий өнөөх автомашинууд нь Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хөдлөөд замдаа эвдэрчээ. Сap явалгүй дугуйнууд нь хагарч, бүх эд анги нь эвдэрч, эхнээсээ тараа таниулсан байна.
Хятадын “Донкпек” гэх цэнхэр өнгөтэй, хогны машины нэг бүрийн үнэ нь 25 сая төгрөг. Хог ачих зориулалттай 72 авто машиныг 2010 онд дүүргүүдэд тарааж өгсөн юм билээ. Хэтийдсэн үнэтэй эдгээр машин жил ч яваагүй эвдэрч, татвар төлөгчдийн 1.8 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, дүүргүүдийн ТҮКийн хашаанд шороонд дарагдан хэвтэж байна. Шинэ машин наанадаж хоёр жил гар хүргүүлдэггүй. Харин Хятадаас өндөр үнээр авсан энэ машинууд эвдэрсээр, зарим нь бүр асахгүй байсаар төмрийн хаягдал болжээ. Хаях гэхээр хаяж болдоггүй, ашиглах гэхээр сэлбэг хэрэгсэл нь олддоггүй, нэг маркийнх хэрнээ эд ангиуд нь нэгэндээ таардаггүй эдгээр машиныг чухам хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус гэнэ.
“Моннис”- ынхэнд эвдэрсэн машинуудын талаар хэлэхэд “Манай патентийг оюутнууд ашиглаад чанар муутай машин хийсэн” гэсэн тайлбар өгсөн гэдэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх машинуудыг хөдөлгөөнд орол цуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэний ямар жил болохгүй тараа таниулж, засаж янзалж болдоггүй машиныг шахаагаар авсан нь тодорхойгүй. Татвар төлөгчдийн 1,8 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн дарга нар, тендерт шалгарсан “Моннис” ХХК-д яагаад хариуцлага тооцохгүй өдий хүрэв гэдэг нь хачирхалтай. Дарга нарын хуудуутай явдлын балгаар иргэд хогондоо дарагдан сууж байна. Нийслэлийн төсвөөс хогны машин авахын тулд есөн тэрбум нэг төгрөг төсөвлөжээ. “Моннис”-ынхэн 25 сая төгрөгийн үнэтэй 72 машиныг нийт 1.8 тэрбум төгрөгөөр авсан байна. “Үлдсэн мөнгийг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болсон” хэмээн хувиараа хог тээвэрлэгчид хэвлэлийн хурал хүртэл хийж байсан.
Хан-Уул дүүргийн ТҮК-ийн захирал Ш.Батнасан “Өнгөрсөн онд оруулж ирсэн тусгай зориулалттай, хогны машинууд чанарын хувьд сайн юм билээ. Өмнө нь Хятадаас оруулж ирсэн цэнхэр машинууд бүгд эвдэрсэн. МХЕГ-ынхан актлах хүртэл ТҮК-ийн гараашид байлгаж байгаа” гэв. Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн захиралтай холбогдоход Моломжамц гэх хүнийг зааж өгсөн. Тэрбээр “Хятадаас оруулж ирсэн хогны цэнхэр машинууд үйлчилгээнд явахгүй байгаа” гэж хариулсан. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид нийт 15 ширхэг машин ирснээс 12 нь тэвштэй, гурав нь шахдаг машин. Шахдаг хоёр машин нь ирсэн өдрөө эвдэрсэн гэнэ. Цэнхэр тэргүүд нь ч гэсэн нэг өдөр яваад л дугуй нь хагарч, аккумлятор нь суусан аж. Энэ талаар “Моннис” компанид хандахад ирж зураг аваад явснаас өөр юу ч хийгээгүй гэнэ. Сэлбэг нь Монголд бүү хэл, Хятадад ч олддоггүй юм байх. Машин үйлдвэрлэсэн компани нь улсынх биш үйл ажиллагаа нь зогссон, хувийн нэг жижиг үйлдвэр аж.“Моннис” компанийнхан “Хятадын ямар ч үйлдвэрт эдгээр машины сэлбэг хэрэгсэл байхгүй, олдохгүй байна” хэмээн Тохижилт үйлчилгээний компаниудад учирласан гэдэг. Гэрээнд зааснаар, жилийн баталгаат хугацаанд эвдрэл гарвал “Моннис” компани хариуцлага хүлээж, хохиролгүй болгох ёстой байтал иймэрхүү шалтаг тоочоод алга болжээ.Хятадын дампуурах шахсан үйлдвэрээс хямд үнэтэй хуурамч машин оруулж ирж, олон тэрбум төгрөгөөр авсан гэж ярьж яваа холбогдох хүмүүсийг төсвийн мөнгөөр гараа угаасан байх магадлалтай хэмээн иргэд хардаж байна. Өчнөөн хөрөнгөөр авчирсан эдгээр машин эвдэрчихээд байхад эргээд хариуцах эзэн байхгүй байна. ТҮК-иудад хогны машинуудыг үнэгүй өгсөн болохоор ийм тийм байна гэж асуудал гаргах нь хэцүү байдаг бололтой.
Төсвийн хөрөнгийг үрсэн нь ганц “Донкпек” биш. Нийслэлийн Хот тохижилтын газар 2009 онд “ISUZU” маркийн зам цэвэрлэж, чийглэх зориулалттай арваад автомашин оруулж иржээ. Тэдгээр машиныг тухайн үеийн удирдлагууд ашиглах боломжгүйг нь мэдэлгүй авсан юм байх. Зам арчилгааны зориулалттай автомашины нэг нь 70 сая төгрөгийн үнэтэй. Тэгэхээр 700 сая төгрөгийн өртөг бүхий ямар ч хэрэгцээгүй автомашинууд мөн төмрийн хаягдал болон хувирч. Түүнийг ажиллуулдаг хүн Монголд нэг ч байдаггүй гэсэн. Эдгээр хэрэгцээгүй автомашины нэгнийх нь үнээр хог тээвэрлэдэг хэдэн машин авах боломжтой байж.
Засгийн газраас 2011 оны арваннэгдүгээр сард хотын хог хаягдлыг багасгах, хор нөлөөг нь бууруулах зорилгоор тодорхой төсөв гарган, Улаанбаатар хотын есөн дүүргийн 152 хороонд парк шинэчлэлт хийж, хогны шинэ автомашинууд авч өгөхөөр болжээ. Уг шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй тендер зарлаж, нийт арав гаруй компани өрсөлдсөн боловч удаан эдэлгээтэй, ашиглалтын өндөр горимтой, өнгө үзэмж сайтай 2011- 2012 оны шинэ загварын “TATA DAEWOO” брэндийн машиныг үзүүлэлтээр нь сонгожээ. Нийт 15.5 тэрбум төгрөг төсөвлөж, тусгай зориулалтын 160 орчим хогны машин оруулж ирээд байгаа юм билээ. Дүүрэг бүр тендерээ зарлаж, өөрсдөө шийддэг болсон учир хотын захиргаанд энэ ажлын гүйцэтгэл, нэгдсэн мэдээлэл алга. Өнгөрсөн онд авсан автомашинуудад харин ТҮКийнхан ам сайтай байсан. “Солонгос машинууд эвдэрч, гэмтсэн зүйл байхгүй” гэж хариулсан.
Гэхдээ эдгээр машинуудыг дүүргүүдийн ТҮК-д хуваарилж өгөөгүй байгаа аж. Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн захирал Ч.Баттүвшин “Өнгөрсөн онд оруулж ирсэн тусгай зориулалтын хогны машиныг манайд өгөөгүй. Бусад дүүргийн ТҮК ч аваагүй гэсэн. Тендер нь “но”-той болсон сураг дуулдана лээ. Одоо хүртэл машинаа хуваарилаагүйг бодоход бас бус асуудал байгаа байх” гэв. Эдгээр машины нэг бүрийн үнэ нь 90 орчим сая төгрөг аж. Өндөр үнээр авсан энэ машинууд Хятадын цэнхэр “Донкпек” шиг болчих вий гэсэн хардлага мэр сэр дуулдсан. Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон нийслэлийн Хот тохижилтын газраас зарласан тендерт шалгарсан “Хьюндай Моторс Монгол” ХХКийн машинуудад ТҮК-ийн жолооч нар ам сайтай байв. Тэднийх нийт 56 автомашин хүлээлгэн өгсөн юм билээ. Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт-дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газрын “Цэвэр агаарын сан”-гаас зарласан тендерт мөн шалгарч хог тээврийн 13 автомашин нийлүүлжээ. Тэд нийлүүлж буй машинуудаа БНСУ-ын “Хьюндай Мотор” компанид захиалж хийлгэсэн юм билээ. Монголын нөхцөлд тохирсон, стандартын шаардлага хангасан, даац сайтай, түлшний зарцуулалт бага, богино зайд маневр хийдэг машинуудыг, үйлдвэрээс нь шууд нийлүүлжээ. Эдгээр нь хог тээврийн стандартад нийцсэн битүү дээвэртэй, тэвштэй, өөрөө буулгадаг бункертэй, хог шахагч гэх мэт олон төрлийнх аж. Өмнө нь авч байсан машинуудаас бүхий л үзүүлэлтээр илүү гэсэн. Хууль хяналтынхан дээрх асуудлыг шалгах биз.
Татвар төлөгчдийн хөрөнгөөр хэнд ч хэрэггүй хог нийлүүлчихээд хэтэвч нь түнтийгээд яваа дарга нарыг шалгаад үзэхэд гэмгүй. Нийслэл зундаа хөрсний, өвөлдөө агаарын бохирдолд, хавар, намарт хогондоо хордсоор өнгөрөөдөг. Тендер зарласан дарга нарт, нийлүүлсэн компанид нь ч эргээд хариуцлага тооцдог болъё. Буух эзэнтэй, буцах хаягтай болгохгүй бол төсвийн хөрөнгө шахааны бизнес болж хувирч. Тендерт шалгарсан компаниуд барилгад ашигладаг машиныг хогных болгож, БНСУ-аас оруулж ирлээ гээд өөрсдийн компаниар дамжуулан угсардаг, тусгай зориулалтынх гээд ердийн машин өгсөн асуудал өмнө нь ч гарч байсан талаар баттай эх сурвалжаас сонссон. Төсвийн хөрөнгө хэдэн хүний халаасанд орж байгааг халах цаг нэгэнт болжээ.