Шүүхийн тухай шинэ хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжих бөгөөд түүнд зааснаар Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргаж, тайлбарыг тогтмол нийтлэхээр болжээ. Ингэснээр иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр Дээд шүүх хууль тайлбарладгаа болих аж.
Дашрамд дурдахад, Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үүний дагуу 2002-2010 онд иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтыг тайлбарлуулах тухай саналаа Улсын дээд шүүхэд ирүүлснээр 117 хуулийн холбогдох заалтуудад тайлбар хийсэн аж. Энэ нь тухайн хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой байснаас гадна эрх зүйн орчныг төлөвш үүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж зарим багш, судлаачид үздэг.
Мөн нөгөө талаас Улсын дээд шүүх нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүллээ, иргэн, хуулийн этгээдийн гаргасан саналыг үндэслэн субъектив байдлаар хандаж тайлбар гаргалаа гэсэн шүүмжлэл ч гардаг байсан юм.
Г.РАВЖАА