Долоон настай хүүгээ хэрцгийгээр зодож, гэмтээсэн Д.Түмэнжаргалд холбогдох хэргийг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцлээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд Д.Түмэнжаргал дагавар хүү Э-гээ 300 төгрөг хэлэлгүй авсан гэх шалтгаанаар хэрцгийгээр зодож байхад нь хөрш айлынх нь эмэгтэй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад дууссан. Уг хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.
Бага насны хүүхэд хохирогчоор оролцож байгаа тул шүүх хурлыг хаалттай хийх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан юм. 09.30 цагт эхэлсэн шүүх хурал 13.30 цагийн үед шийдвэрээ гаргалаа. Шүүхээс шүүгдэгч Д.Түмэнжаргалыг хүүхдийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, догшин авирлан танхайрч хүнд гэмтэл учруулсан, дагавар хүүгээ гурван цагийн турш тамласан гэм буруутайд тооцжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр долоон настай Э хүү толгой, гар, нүүр, нуруу, дал, хөлдөө гэмтэл авсан нь шинжээч эмч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр улсын яллагч Н.Алтантүлхүүр долоон жил хорих ял оноох санал гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн Д.Түмэнжаргалд таван жил зургаан сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.