Хүүхэд асрах “Өгөөмөр” төвд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хүүхдийн төлөө газрын ажилтан Б.Жавзанхүү нар шалгалтын ямар ч удирдамжгүй ирж, тус төвийн тусгай зөвшөөрлийг хурааж, ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн АТГ-т иргэдээс гомдол гаргажээ. Энэ дагуу тус газраас Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нараас тайлбар авсан байна. Тэд “УИХ-ын Байнгын хорооноос тусгай хяналт шалгалт хийх удирдамж, чиглэл албан бичгээр ирээгүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийн биечлэн өгсөн даалгаврын дагуу ажилласан” гэжээ.
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Фратернитэ Нотре Даме” төрийн бус байгууллагын ажилтнууд “УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ёс зүйгүй аашилж, зөрчил гаргасан” гэсэн тайлбар өгсөн аж. Хүүхэд асрах төвд очиж дураараа аашилсан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн үйлдэл УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд заасан “Хууль, гишүүний ёс зүйг чанд сахих, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хоёрдугаар зүйлд заасан бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, төрийн байгууллагын албан хаагчаар зөвхөн албаны чиг үүрэгт нь хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэх зэрэг албаны үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байх үндэслэлтэй гэж АТГ-аас үзжээ.
Мөн УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан УИХ-аас хяналт шалгалт хийх хэлбэрийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэнэ. Тиймээс иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн байна.