Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах явдал гарсаар, хүмүүс ч залилуулж хашрахгүй байсаар. 2011 онд орон сууц, автомашинтай болгоно хэмээн иргэдээс 350 мянга, 650 мянга, дөрвөн сая төгрөгийн төлбөр авч элсүүлэн мөнгийг нь залилсан хэрэг гарч, 12650 иргэнд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Тэдний нэг болох “Түшигт хан Цэцээ” төрийн бус байгууллагын тэргүүн У.Наранбаатар, Б.Цэцэн, Н.Даваахүү нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэжээ.
Уг нь энэ төрийн бус байгууллагыг тэргүүлсэн таван хүнд холбогдох хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2011 оны есдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалт явуулах нэрээр удааширсаар байгаад хоёр хүнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
Мөрдөн байцаалтын шатанд 143 иргэнд хохирол учруулсан гэж байсан ч прокурор, шүүхийн шатанд У.Наранбаатар, Б.Цэцэн, Н.Даваахүү нар 30 гаруй хүнд 91.2 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Тиймээс дээрх гурван хүнд зургаан жил найман сарын хугацаагаар хорих, 50 мянган төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар шийтгэсэн байна.