ХБНГУ-ын Мюнхен хотын их сургуулийн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, эрх зүйн гүн ухаан, мэдээлэл зүйн хүрээлэнгийн багш, судлаач, доктор Петер Казискетэй ярилцав.
-Та манай улсад ямар ажлаар ирэв?
-Шүүгч, прокуроруудын сургагч-багш нарыг бэлтгэх сургалтад оролцлоо. Гэмт хэргийн тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж буй ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. Хуульч бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарт хичээл зааж, санал солилцов.
-Та тэгвэл манай улсын хууль боловсруулах, хуульч бэлтгэх тогтолцооны талаар гайгүй төсөөлөлтэй болсон байх. Ямар бодол төрөв?
-Ардчиллын зарчим дээр тулгуурласан эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэхэд Монгол Улсад ихээхэн дэвшил гарчээ. Танай хуулиудын ихэнхэд нь эрх зүйт төр, ардчиллын суурь зарчмууд тодорхой байдлаар агуулагджээ гэсэн бодол төрлөө. Гэхдээ тэдгээрийг хэрэгж үүлэх нь хамгаас чухал. Хуулийг өдөр тутмын амьдралд хэрэглэх дадал зуршлыг хуульчдад бий болгох хэрэгтэй. Байнга давтан сургаж байх ёстой. Ер нь эрх зүйн соёлыг дээшлүүлэх үйл явц олон даваатай байдаг л даа.
-Танаас манай хуульчид чухам юун тухай илүүтэй сонирхож, асууж байх юм бэ?
-Нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар асууж байсан. Тухайлбал ямар зүйлийг нотлох баримт гэж үзэх, эс үзэх, ямар арга замаар нотлох баримтыг цуглуулах гэх мэт. Бас компьютерийн болон мансууруулах бодис, хүн хулгайлах, худалдах мэт шинэ төрлийн гэмт хэргүүдтэй хэрхэн тэмцдэг, хэрхэн шийдвэрлэж буй манай улсын туршлагыг сонирхож байна.
-Тухайлбал, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг хийж буй тэмцлийн талаар тэдний тавьсан асуултад Та ямар хариулт өгч байв?
-Донтогчидтой гэхээс илүү мансууруулах бодисыг хууль бусаар наймаалагчидтай тэмцэхийг манайд урьтал болгодог юм. Ял шийтгэл оноохоос эмчлэхийг илүүд үздэг. Тухайн хүн өөрөө зөвш өөрч эмчлүүлээд мансууруулах бодист донтох өвчн өөсөө салж чадвал ялаас хэлтрүүлнэ. Тэгэхдээ албадан эмчилгээ хийдэггүй. Хүн өөрөө эс хүсвэл эмчилгээ үр дүнд хүрэхгүй гэж үздэгээс тэр. Хатуу ял шийтгэл оноодог. Гэхдээ үүнээс болж энэ төрлийн гэмт хэрэг буурдаггүй юм байна. Харин соён гэгээрүүлэх ажил хар тамхины эрэлтийг бууруулахад их үр дүн өгч буй. Хар тамхи наймаалагчидтай нь эрүүгийн арга хэрэгслээр, хэрэглэгчидтэй нь соён гэгээрүүлэх, эмчлэх аргаар тэмцдэг гэж хэлж болно. Одоо манайд хар тамхины хэрэглээ нэлээд удаан хугацаанд тогтвортой түвшинд байна. Үүнийг амжилт гэж үзэж болно. Хар тамхинд донтсоноос нас барагсдын тоо сүүлийн 20 жилд буурсан. Үүнийг эрүүгийн аргаар тэмцсэний үр дүн гэж бид үздэггүй. Хэрэглэгчидтэй ажилласны үр дүн юм.
-Мансууруулах бодист донтох нь Германы хувьд өнөө цагт шинэ төрлийн гэмт хэрэг мөн үү?
-Өнгөрсөн зууны далаад оноос шинэ төрлийн гэмт хэрэг болж гарч ирсэн. Наяад оноос Германы хууль эрх зүйд ийм ойлголт бий болж, түүнтэй тэмцэх талаар хуульд тусгаж эхэлсэн.
-Германд ер нь ямар гэмт хэрэг их гардаг вэ?
-Бага хэмжээний эд хөрөнгийн хулгай зонхилох хувийг эзэлдэг. Хүч хэрэглэсэн ноцтой гэмт хэрэг сүүлийн үед цөөрсөн.
-Хүн худалдаалах гэмт хэрэг гарч байна уу?
-Зүүн Европын орнуудаас охид, бүсгүйчүүдийг хуурч аваачаад биеийг нь албадан үнэлүүлэх хэрэг гардаг. Ийм төрлийн гэмт хэргийн хувьд Герман улсын иргэдийг нийл үүлэгч биш хэрэглэгч гэж хэлж болно. Тодруулбал, Германд хүн аваачихаас биш Германаас гадагш нь гаргадаггүй.
-Ийм төрлийн гэмт хэргийг тухайн орны хөгжилтэй холбоотой гэж Та хэлэх гээд байна уу?
-Ингэж үзэж болно. Хүн худалдахыг санал болгож буй нь буурай орны, худалдаж авдаг нь хөгжил илүүтэй орны иргэд байдаг нь нууц биш.
-Тэгвэл өндөр хөгжилтэй холбоотой ямар гэмт хэрг үүд сүүлийн үед гарах болов?
-Бусдын эд хөрөнгийн эсрэг, зохион байгуулалттай залилан. Тэнд, тийм салбарт хөрөнгө оруулбал ашиг олз их олно гэж мөнгөтэй хүмүүст ойлгуулж хөрөнгийг нь залилж байна. Төлбөрийн картыг хуурамчаар үйлдэх болж байна. Ийм гэмт хэрэг өсөх хандлагатай шүү. Байдлыг ажихад эдийн засгийн өндөр хөгжил шинэ төрлийн гэмт хэрэг бий болоход нөлөөлдөг аж. Гэхдээ хөгжил буурай оронд ч дээд зэргийн зохион байгуулалттай, хохирол их учруулсан гэмт хэрэг гарч л байх юм. Тийм бүлэглэлүүд хаа сайгүй байна. Тэд айлган сүрдүүлэх замаар байгууллагуудаас мөнгө авах нь элбэг. Мөрийтэй тоглоом гэж бас нэг айхтар юм байна.
-Бид хуульчдыг бэлтгэхдээ юуг голлон анхаармаар танд санагдав?
-Хичээлийн танхимд онолын мэдлэг олгохоос гадна түүнийгээ хэрэглэх чадвартай болгоход илүүтэй анхаарах хэрэгтэй байдаг. Хууль хэрэглэх ур чадвар хуульчдад их чухал. Онол, амьдрал хоёрыг тусдаа гэж ойлгоод байвал хуульч хүн үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ. Хуульч хүн гэдэг хуулийг амьдралд хэрэглэж чаддаг урлаач байх ёстой юм. Өдөр тутам түвэгтэй явдал, тодорхой үйлтэй тулгарч байх нь хуульч хүний ажил, амьдрал шүү дээ. Ийм хүнд ур чадвар дутвал асуудлыг өөрийн дур зоргоор шийдвэрлэж бусдыг хохироох аюул тулгарч тун болзошгүй.
Гаргасан шийдвэрээ шүүгч хүн шинжлэх ухааны хийгээд хууль зүйн үүднээс бусдад ойлгомжтой тайлбарлаж чаддаг байх ёстой. Шийтгүүлж байгаа хүнд шийдвэр нь маш ойлгомжтой байх нь чухал. Уг хэрэг маргааныг шийдвэрлэх хүрээнд гарсан асуулт бүрт шийдвэрээр бүрэн дүүрэн хариулт өгөх учиртай. Үүний тулд нарийн мэргэших шаардлагатай болдог. Ханнс-Зайделийн сангийн шугамаар явуулдаг сургалтууд чухам үүнд их анхаардаг юм. Хуульд заасан асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэх, харин хуульд заагааг үй асуудал гарвал хууль хэрэглэх арга техникийг ашиглан мөн л зөв шийдвэрлэх ёстой болдог. Хуульд бүх зүйлийг тусгах боломжгүй шүү дээ.
Р.ЖАРГАЛАНТ