“Нарантуул”, “Хархорин” зэрэг худалдааны төвд хууль бусаар сум, галт хэрэгсэл борлуулагчдыг бараагаар хангадаг байсан хоёр эмэгтэйг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр саатуулсан талаар бид мэдээлж байсан. Тэдний нэг болох Баянгол дүүргийн V хорооны нутагт оршин суудаг М.Энхтуяа гэх эмэгтэйн гэрээс “Макаров”, АКМ, винтов, дорбинкны зэрэг 13 нэр төрлийн 5858 гаруй сум хураан авсан юм.
Түүнд тус дүүргийн Цагдаагийн II хэлтсээс байлдааны галт хэрэгслийг хууль бусаар олж авч, хадгалж, борлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Тэрбээр ийм хэргээр өмнө нь ял шийтгүүлж байсан нэгэн аж. Хураасан сумнуудыг хүчний бүх байгууллагад ашигладаг юм байна. Байлдааны зориулалттай сумнуудыг 1970-1989 оны хооронд манай улсад ОХУ-аас тусламж болгож нийлүүлсэн байдаг гэнэ. Уг сумыг гадуур худалдах ёсгүй, БХЯ-ны харьяа “Транс-Сэргэлт” компани л ОХУ-аас авах эрхтэй байдаг аж.
Баянгол дүүргийн шүүхээс М.Энхтуяад гурван жил хорих ял ногдуулж, ар гэрийн байдлыг нь харгалзан хорих ялыг тэнсэн харгалзахаар болжээ.
Г.РАВЖАА