Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэр гарч, Лениний музейн барилгад шинэ музейг төвхнүүлэхээр болсон. Гэсэн ч уг барилгын эзэмшигч нь Төр, нөгөө талд МАН гэсэн маргаан дэгдээд байгаа. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатартай уулзаж, тэднээс хамтран ажиллахыг хүссэн байдаг. Тиймээс ССАЖЯ-ынхан Үлэг гүрвэлийн төв музейн захирлыг сонгон шалгаруулж хэд хоногийн өмнө томилсон. Харин өчигдөр Төрийн өмчийн хороотой хамтран Лениний музейн барилгыг хүлээн авна гэсэн зар түгээсэн ч талаар болов.
Яамнаас гурван хоногийн өмнө МАН-ынханд албан бичиг хүргүүлж гуравдугаар сарын 7-ны 11.00 цагт Лениний музейн барилгыг хүлээлгэн өгөхийг хүссэн ч тэд ирсэнгүй. Цоожтой барилгын гадна Монгол ардын намынхныг удтал хүлээсэн ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл “Ардын намыхан ирсэнгүй. Бид албан бичиг явуулсныхаа дагуу цагтаа ирлээ. Харин тэдэнтэй холбогдоход бид дотооддоо энэ асуудлыг ярьж байна” гэсэн хариу өглөө гэсэн юм.
Үндсэн хуулийн цэц Лениний музейг Үлэг гүрвэлийнх болгох Засгийн газрын шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн гэсэн мэдээлэл гарч байсан ч Төрийн нарийн бичгийн дарга нь үүнийг үгүйсгэв. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолд Лениний музейн асуудалтай холбоотой иргэдээс ирсэн мэдээлэлтэй танилцаад маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан гэжээ.
Ж.СОЛОНГО