Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг, Хөх толгой гэдэг газарт намаржиж байсан иргэн О-ын гэрийг дайрч, гэрийн эзэгтэй болон хүүг нь, мөн ээлжийн амралтаараа ирээд байсан хоёр том хүний амийг бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд гарсан. Уг хэргийг тус аймгийн Ноён суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн захирал Б.Алтангэрэл С.Батмөнх гэдэг хүний 72-81 УНИ улсын дугаартай “Ланд ровер Дисковери” маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад үйлдсэн юм.
Хэргийн мөрдөн байцаалт саяхан дуусаж, өнгөрсөн баасан гаригт Өмнөговь аймгийн сум дундын шүүхээр шийдвэрлэлээ. Шүүх хуралд тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Баасандорж оролцож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож дөрвөн хүний аминд хүрсэн Б.Алтангэрэлд 10 жил хорих ял оноох санал гаргасан байна. Сум дундын шүүхээс түүнийг чанга дэглэмтэй хорих ангид 10 жил ял эдлүүлж, жолоодох эрхийг нь таван жилээр хасахаар шийдвэрлэжээ.
Г.ОРЧЛОН