Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдрийн олборлолт явуулдаг “Алтайн хүдэр” компани байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байгаа талаар нутгийн иргэд өчигдөр мэдээллээ. Хариуцлага гэдгийг мэддэггүй уг компанийн балгаар нутаг орон нь гамшгийн байдалд хүрэхэд ойрхон болсныг нутгийн иргэд анхааруулж байна.
“Алтайн хүдэр” компани өдөрт хүнд даацын 50-70 машинаар талдаа 168 км шороон замаар тээвэрлэлт хийдэг байна. Эл тээвэрлэлтийн улмаас говийн хөрс их хэмжээгээр эвдэрч, тоосжилт тоймоо алдан, ургамал ч ургахаа больсон аж. Гэтэл энэ сараас тус компани тээвэрлэлт хийдэг хүнд даацын машиныхаа тоог нэмж, 100 хүргэх гэж байгаа нь нутгийн иргэдийг түгшээжээ.
“Монголын салхи ихэвчлэн баруун хойноос үлээдэг шүү дээ. Гэтэл энэ компани манай сумын баруун хойд хэсэгт байрладаг. Өөрөөр хэлбэл, Цээл сум “Алтайн хүдэр” компанийн олборлолт явуулдаг уурхайн яг салхин дор байдаг гэсэн үг. Энэ компанийн босгосон шороо тэр чигээрээ суманд орж ирдэг. Үүнээс улбаалаад сүүлийн жилүүдэд манайхны дунд дотор эрхтний өвчлөл, ургийн гажиг ихсэх боллоо. Өнгөрсөн онд л гэхэд төрөлхийн гажигтай хүүхэд гурав төрсөн. Үүгээр зогсохгүй, хүнсэндээ мал хэрэглэхэд ч хэцүү болсон. Дотроос нь чулуужаад бөндийсөн хар юм гарч ирдэг. Өнгөрсөн намрын мал бэлтгэлээр манай сумын нэг хоршоо 1000-аад бог гаргахад 700 орчим малынх нь уушги жижгэрээд хомоол шиг бондойсон хар юм болчихсон байсан” хэмээн нутгийн иргэн Н.Суманзаан ярилаа.
Нутгийн уугуул иргэн, “Шинэ зууны Цээл” ТББ-ын дэд тэргүүн Р.Шинэгэрэл “Эл уурхай хүн амын ундны цэвэр усны нөөцөөс шууд хэрэглэж байгаа нь усны хүрэлцээ муутай манай нутгийнхны сэтгэлийг зовоож байна. Түүнчлэн Алтайн нуруу, Их Таянгийн уулсын хоорондох ховор ан амьтны нүүдэл тасрах тал руугаа ороод байна. Ховор амьтан ч гэлтгүй мал сүрэг тээврийн замаар хөндлөн гарах гарцгүйгээс тавтай бэлчиж чадахгүй байгаа. “Алтайн хүдэр” компани тээвэрлэлт хийж байгаа замын дагуу дуртай газраа том нүх ухаж карьер үүсгээд, дараа нь түүнийгээ булдаггүй. Тээвэр хийдэг 168 км замаа асфальтан хучилттай болгоно гэж таван жил ярьж байгаа” хэмээлээ. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Алтайн хүдэр” компанийн байгаль орчинд үзүүлж байгаа нөл өөллийг хянаж шалгаад “боломжийн, хэвийн” гэсэн дүгнэлт гаргасан аж.
Иймээс нутгийн иргэд Мэргэжлийн хяналтынхан худлаа яриад байна уу, бид худлаа яриад байна уу гэдгийг тогтоогоод өгөөч хэмээн БОНХЯ-нд хандсан юм. Тэд БОНХ-ийн сайд С.Оюунаас Цээл суманд биечлэн очиж, нөхцөл байдал ямар байгааг өөрийн нүдээр харахыг хүсэв. Мөн “Алтайн хүдэр” компанийн байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг хянаж шалган албан ёсны дүгнэлт гаргаж өгөхийг БОНХЯ-наас шаардлаа.
Д.Дайрийжав