Сөүлийн гудамжинд байрлах “Говь” ХК-ийн нэрийн барааны дэлгүүрийн худалдагчийг хуурамч төлбөрийн картаар залилсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт, Төв шуудангийн замын урд талд байрладаг тус дэлгүүрээс энэ сарын 2-нд хоёр хүүхдээ дагуулсан 40 гаруй насны эмэгтэй их хэмжээний бараа худалдан авсан гэнэ.
Худалдагч эмэгтэй цагдаагийнханд “160-165 см орчим өндөртэй, 40 гаруй насны эмэгтэй 6, 15 орчим насны хоёр охины хамт орж ирсэн. Тэд багш нартаа бэлэг авч байгаа юм гээд эмэгтэй хүний 25 ширхэг ноолууран цамц авсан. Төлбөрөө бэлэн мөнгөөр бус картаар хийсэн” гэж тайлбарлажээ.
Цагдаагийнхан болон “Говь” компанийн санхүүгийн ажилтнуудын хийсэн шалгалтаар тэр эмэгтэй хуурамч төлбөрийн карт ашиглан худалдагчийг залилсан нь тогтоогдсон бөгөөд “Говь” компанид 3.8 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Г.ОРЧЛОН