Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний компаниудын нэг “Лэйтон Ази” компанийн Монгол дахь салбар олон ажилчнаа халсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 2007 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн энэ компани юуны учир ийм алхам хийсэн нь одоогоор тодорхойгүй ч албан бус эх сурвалж “Ашиг муутай ажиллаж байгаа нь нөлөөлсөн байх” гэж мэдээлсэн юм.
Тус компанийн хөрөнгөө оруулан ажилласан Хөшөөтийн орд газар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг төсөл нь ашиггүй, үр дүн муутай байгаагаас ийм алхам хийсэн байж болзошгүй гэнэ. Юутай ч “Лэйтон Ази” компани Монголын 20 орчим, гадаадын цөөнгүй ажилчнаа ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гаргаж, тэдэнд гэнэт халагдсаны буюу хоёр сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгийг олгосон гэнэ. Энэ талаар тус компанийнхантай холбогдож лавлахад “Нөхцөл байдал хүнд байгаа учраас Монголын 17, гадаадын нэлээд тооны хүнээ халсан нь үнэн. Гэхдээ үйл ажиллагаагаа бүрэн зогсооно гэсэн үг биш” гэлээ.
Г.РАВЖАА