МИАТ компанийн удирдлагатай холбоотой хэрэг нэг хэсэг дуулиан тарив. Төрийн мэдлийн ганц авиа компанийг үнэгүйдүүлэн хувьчилж авах зорилготой, ихээхэн хэмжээний мөнгө угаасан нь тодорхой болсон энэ хэрэгт тус компанийг удирдаж явсан захирлууд гэргий, ах дүүстэйгээ шалгуулж байгааг уншигчид мэдэж байгаа. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт улс төрийн хүрээнийхэн хүртэл дуулдаж байгаа ч хууль хяналтын байгууллагынхан тэднийг сэжигтэн, яллагдагчаар татсан зүйл одоогоор алга. Цагдан хориод байгаа есөн хүнийг л шалгасан хэвээр байна.
МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал Н.Гантөмөр, Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү “Монгол керамик” компанийн захирал Б.Мандахбаяр, МИАТ-ын дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ нарыг шалгаж буй. ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүний сэнтийд заларч буй Д.Сугарыг Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нартай холбоотой гэж олон хүн үздэг. Гэвч Д.Сугарын эсрэг нотлох баримт гэхээр зүйл олдохгүй байгаа бололтой. Б.Эрдэнэбилэг тус компанийн гүйцэтгэх захирал байхдаа ТУЗ-ийн дарга Д.Сугарт Японд суугаа МИАТ-ын төлөөлөгчийн газрын зөвлөх гэх албан тушаал өгч, цалин хэмээн сард нэг сая гаруй төгрөг шилжүүлж байсан аж. Мөн түүний түр оршин суух байрны түрээсийн төлбөр хэмээн багагүй хэмжээний мөнгө шилжүүлж байсан гэдэг.
Уг хэрэгт холбогдуулж есөн хүнийг цагдан хорьсны нэг Ү.Цэцэгмааг батлан даалтад гаргавал энэ хэрэгт холбоотой 20 улстөрчийг нэрлэе гэж Ц.Орхон хэлсэн гэх мэдээлэл хэвлэлд гарч байв. Энэ мэдээллийг зарим хүн санаанаасаа зохиож бичсэн гэдгийг хууль, хяналтын байгууллагын олон эх сурвалж хэлж байгаа. Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмааг хорьж шалгах хангалттай үндэслэл байдаг аж. Тухайлбал, арилжааны нэгэн банкин дахь түүний дансанд нь Японд бүртгэлтэй “Best Wealth aviation insurance group” компаниас Хонконгоор дамжин маш их хэмжээний валют шилжүүлсэн баримт байгаа. Ийм гүйлгээ нэг бус удаа хийсэн байдаг аж. 2008 онд Японд бүртгүүлсэн “Best Wealth aviation insurance group” компани руу Дайны эрсдэлийн даатгалын төлбөр хэмээн тийзийн үнэ дээр нэмж нэг хүнээс таван ам.доллар авч, тус компани руу шилжүүлж байсан. Ингэж шилжүүлэхийн тулд тус компани, МИАТ-ын хооронд хамтран ажиллах гэрээг монгол-англи хэлээр байгуулжээ. Шалгалтын явцад хоёр компанийн хооронд байгуулсан гэрээ хуурамч болох нь тогтоогдсон байна.
СЭЖИГТНҮҮДЭЭС 13.2 ТЭРБУМ ТӨГРӨГ, ХОЁР САЯ ДОЛЛАР ХУРААН АВЧЭЭ
МИАТ-ын гэх хэрэгт холбогдох хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж буй. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Монголд амьдарч буй хоёр хүнийг сэжигтэн, яллагдагчаар татахаар болсон ч хангалттай үндэслэл бүрдээгүй сурагтай. Харин МИАТ-ын Япон дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Галтыг мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгахаар болсон ч зарим нэг саад учраад байгаа аж. Л.Галт өдгөө Японд амьдарч буй юм билээ. Түүнийг Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг Японд хүлээн авч Хонконг руу шилжүүлэн “цэвэршүүлж” нэр бүхий хүмүүсийн данс руу илгээсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагын ажилтнууд Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нарын хэрэгт холбогдуулан шалгахаар болсон.
Л.Галтыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж өгөөч гэсэн хүсэлтийг хуулийн байгууллагынхан Интерполд тавьсан юм байна. Гэтэл Интерполын Монголын товчооныхон “Сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолыг өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан байх шаардлагатай” хэмээсэн сурагтай. Л.Галт Монголд байгаагүй учраас уг тогтоолыг өөрт нь танилцуулах ямар ч боломжгүй гэсэн. Гадаад оронд очиж манайхан байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрхгүй учраас түүнийг хаа байгааг нь олж сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол танилцуулах бүр ч боломжгүй нь ойлгомжтой. Л.Галт Японд тийз борлуулах “Чингис травел” гэдэг компани байгуулж, түүгээр дамжуулан МИАТ-ын онгоцны тийзийг зарж ашиг олж байсан гэх албан бус мэдээлэл байдаг юм билээ.
Бидний авсан мэдээллээр МИАТ-ын гэх мөнгө угаасан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үндсэндээ дуусаж буй сурагтай. Мөнгө угаасан хэргийн тухайд бусад хэрэг шиг заавал шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлага байдаггүйгээрээ онцлог гэж эх сурвалж хэлсэн юм. Энэ хэрэгт холбогдсон есөн хүний банкны данс болон бусад эд хөрөнгийг битүүмжлээд байгаа. Бидний авсан мэдээллээр яллагдагч есөн хүнээс улсад учруулсан хохирол болох 6.8 сая долларыг төлүүлэх хэмжээний мөнгө буюу биет мөнгө гэхэд 13.2 тэрбум төгрөг, хоёр сая доллар хураан авч, битүүмжилсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ энд ороогүй гэнэ.