Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Байлдааны онгоцны моторыг БНАСАУ-д худалдсан гэх хэд хэдэн үндэслэлээр түүнийг буруутгаж, АТГ-ын мөрдөн байцаагч, НПГ-ын хяналтын прокурорын саналын дагуу шүүгчийн захирамжаар саяхан цагдан хорьсон гэнэ.
Энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан нэлээд нууцалж буй бололтой. ЗХЖШ, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын зарим хүмүүсийн дунд “Т.Дашдэлэгийг цагдан хорьсон” гэсэн яриа байгаагийн зэрэгцээ онгоцны мотор зарснаар хоёр тэр бум төгрөгийн хохирол учруулсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан хэмээж байна. Харин ШШГЕГ-ын эх сурвалж бригадын генерал Т.Дашдэлэгийг цагдан хорьсон гэх мэдээллийг баталж байгаа юм.
Г.ОРЧЛОН