Сүүлийн үед МҮОХ-ны эргэн тойронд болж буй үйл явдлын талаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаанаас тодруулахад “Зарим сонин, сайтад гарсан худал мэдээллийг уншаад өнөөдөр (өчигдөр) би маш их цочирдлоо. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар нэр бүхий дөрвөн хүн өргөдөл гаргасны дагуу түүнийг саатуулан шалгаж буй мэдээнд миний нэрийг ичгүүр сонжуургүй хавчуулжээ. Юуны өмнө, миний бие МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг АТГ-т шалгуулах өргөдөл өгөөгүй гэдгээ олон түмэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Б.Баясгалан, Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нартай би ноднингийн Олимпийн чуулган буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс хойш нэг ч удаа тааралдаагүй. Харин гавьяат тамирчин Н.Баярсайхантай энэ жилийн боксын улсын аваргын тэмцээний үеэр л нэг удаа уулзсан. Намайг ийм үйлдэлд хэзээ ч оролцох хүн биш гэдгийг манай спортынхон андахгүй сайн мэднэ. Д.Загдсүрэн дарга бид хоёр нэг нь спортын эмч, нөгөө нь спортын сэтгүүлч байх үеэсээ өдгөө хүртэл 23 жил үй зайгүй нөхөрлөж, сүүлийн 14 жил МҮОХ-нд удирдах албыг хамтдаа хашин, спортын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр үр бүтээлтэй зүтгэснийг спортын хамт олон гэр чилнэ. Тэгээд ч үнэн мөн нь тогтоогдоно гэж найдаж байна.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс АТГ-т албан хүсэлт хүргүүлсэн. Гэтэл МҮОХ-ны эв нэгдлийг бусниулж, Ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын хооронд ийм гүтгэлгийг хэвлэл мэдээллээр цацах нь дэндүү улайрсан үйлдэл бөгөөд олон жил Монголын олимпийн хөдөлгөөнийг нэр төртэй удирдсан Д.Загдсүрэн ерөнхийлөгчийн эвсэг багийг задлах оролдлого үргэлжилсээр байгаагийн илрэл. “Нэр хугарахаар яс хугар” гэж ярьдагчлан миний бие хууль хяналтын байгууллагад хандан, АТГ-т өргөдөл өгөөгүй гэдгээ албан ёсоор нотолж, нэр төрөө сэргээх болно” гэлээ.