Булган аймгийн төвд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд 82 настай Л-ыг гэртээ байхад хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Тухайн үед Булган аймгийн Цагдаагийн газрынхан гэмт этгээдийг ололгүй хоёр сар гаруй болсон билээ. Харин саяхан Орхон аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд Завхан аймгийн харьяат 31 настай А гэгч уг хэргийг үйлдэн хэргийн газраас зугтсаныг илрүүлсэн байна.
Гэмт этгээд хэргээ хүлээгээд байгаа бөгөөд нотлох баримтыг нь ч цагдаагийнхан олсон гэнэ. Тэрбээр талийгаачийн хүүг худгаас ус авахаар явах хооронд гэрт нь орж эмгэний амийг бүрэлгэн, ширээн дээр нь байсан мөнгөн аягыг авсан байна. Уг хэргийг үйлдсэн А гэх залуу өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд хорих ангиас хоёр ч удаа оргож ялаа нэмүүлж байжээ. А нь 2012 оны долдугаар сард суллагдаж, гэртээ ч харилгүй гэмт хэрэг үйлдэн хүн амины хэрэгт холбогдсон байна.
Суллагдсанаасаа хойш Орхон, Дархан-Уул, Завхан, Төв аймагт хүчин, дээрэм, хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод буй гэнэ.