Малын хулгайч нар “олз”-оо хурдан удмынх, унагатай, хээлтэй гэж ялгалгүй авч, нядалдаг. Хулгайч нарын хувьд амар хялбар аргаар мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэхэд нэг их буруутахгүй. Дорнод, Хэнтий аймгаас удаа дараа мал хулгайлсан зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдийг тагнуулын ажилтнууд илрүүлэн шалгасан юм.
Тэд иргэдэд хамгийн багадаа 200-гаад сая төгрөгийн хохирол учруулсныг мөрдөн байцаагч, шинжээчид тогтоосон аж. Уг хэргийн нэг хохирогч нь Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Д.Онон юм. Түүний угшил сайтай 29 адуу хулгайчийн гараар орж, 100 гаруй сая төгрөгийн хохирол амсчээ.
Шуурга далимдуулан мал хулгайлж нядлав
Дорнод аймгийн харьяат 54 настай П.Онолтуяагаар толгойлуулсан Б.Ганзориг, Ж.Өнөрбат, Б.Шинэбаяр, Т.Ганбат, Н.Баттулга, Л.Батм өнх нарын долоон этгээд айлын үхэр, адуу хулгайлж, махалж заран, мөн хил давуулан худалддаг байжээ. Энэ хүмүүс П.Онолтуяагийн найз, хүргэн, садангийн хүүхэд юм байна. Нэгээс бусад нь ял шийтгүүлж байсан, архаг гэмт хэрэгтэн аж.
Тэд хил давж, Дорнод аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алтан эмээл хотод хулгайлсан малынхаа махыг аваачин борлуулж байсан аж. Энэ гэмт үйлдлээ 2007 оноос хойш хийсэн нь гэрч, хохирогч нарын мэдүүлснээр хавтаст хэрэгт тэмдэглэгджээ.
2008 оны арванхоёрдугаар сарын 15. Дорнод аймгийн аймгийн Баянтүмэн сумын II багийн нутаг, Очиртын говь хэмээх газар өвөлжиж байсан Д-гийн долоон үхрийг хулгайлсан хэрэг гарч, эзэн холбогдогч нь тогтоогдсонгүй. Хотоо харлуулсан иргэнд тухайн үеийн зах зээлийн ханшаар гурван сая төгрөгийн хохирол учирсан байна. Хэргийн газрын үзлэгээр гэмт этгээдүүд автомашинтай явсан болох нь тогтоогдсон гэнэ. “Чоно борооноор” гэгчээр гэмт этгээдүүд харанхуй шөнө, цасан шуурга, ширүүн бороон дундуур мал туудаг байсан аж.
2009 оны гуравдугаар сарын 12-15-нд зүүн гурван аймгийг хамарсан байгалийн гамшигт үзэгдэл болж, цасан болон шороон шуурга шуурсан. Энэ үеэр П.Онолтуяа болон түүний хамсаатнууд Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг, Чингисийн далан гэх газарт хаваржиж байсан И, Н нарын үхрийг хулгайлж, хээр аваачин нядалжээ. Уг хэргийг үйлдэхдээ Б.Шинэбаярын эзэмшлийн 40-77 ДОА улсын дугаартай “Бонго” маркийн ачааны машин, П.Гантөмөрийн эзэмшлийн “УАЗ-Фургон” маркийн 43-52 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан байна.
Тэднийг цасан шуургаар далимдуулж хулгай хийсэн талаар гэрч Н “Манайх 2009 оны гуравдугаар сарын 11-нд үхрээ 72-ын хоолой гэх газар руу бэлчээрт гаргасан юм. Тэр оройдоо үхрээ хураагаагүй. Тэгж байтал тэр үдэш 22.00 цагийн үед цасан шуурга шуурсан. Маргааш өглөө нь хүү минь уналгын морио барихаар гэрээсээ хойш явж ирэхдээ “Нэг юм харлаж харагдаад байна. Шуургатай болохоор сайн мэдэгдэхгүй юм, машин л юм шиг байна” гэсэн. Шуурга намдаж, гуравдугаар сарын 13-ны 10.00 цагийн үед тэнд очоод ирэхдээ “Манай хар хязаалан үнээг махалчихсан байна, хажууд нь улаан үнээ, саарал үнээ, улаан болон хүрэн хязаалан гунж, мухар хар үнээний толгой, шир зэрэг нь байна гэсэн” гэжээ. Хохирогчид 2009 оны гуравдугаар сарын 15-нд малын хулгайч нарын унаж явсан машин нь эвдрэн зогссон газарт очиж уулзахад П.Онолтуяа “Бид танай үхрийг хулгайлсан нь үнэн. Хохирлыг чинь барагдуулъя, цагдаад мэдэгдээд хэрэггүй, нэг үхрийг чинь 500 мянган төгрөгөөр бодоод мөнгө өгье” гээд заримыг нь бэлнээр төлжээ.
Шуурганаар үйлдсэн хэргийнхээ дараа гэмт этгээдүүд дөрөвдүгээр сарын 5-нд Хавирга-Ар хашаатын боомтоор Б.Шинэбаярын машинаар БНХАУ-ын Алтан эмээл хотод очжээ. Ингээд буцаж ирэхдээ тэд өөр өөр газраар хил давсан байх юм. Тухайлбал Ж.Өнөрбат 2009 оны дөрөвдүгээр сарын 12-13- ны шөнө Дорнод аймаг дахь хилийн ... дугаар отрядын хариуцсан хэсгээр, Б.Ганзориг нь мөн сарын 18-ны шөнө өөр нэг газраар, П.Онолтуяа нь Замын-Үүд боомтоор хууль бусаар хил нэвтэрчээ. Гэмт этгээдүүд ингэж хил нэвтэрч ирснийхээ дараа нэг хэсэг чимээгүй болсон байна. Учир нь өмнө үйлдсэн хэргүүд нь илэрч, зарим хүнд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Гэвч тэд мөрдөн байцаалтаас оргож шуурга далимдуулан айлын үхэр хулгайлсан аж. Хэсэг чимээгүй байсны эцэст дахин хулгайн хэрэг үйлджээ.
Д.Ононгийн адууны хохирлын хэмжээг буруу тооцсон гэж шүүх үзжээ
2010 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө. Дорнод аймгийн Баянтүмэн сумын II багийн нутаг, Зүүн гол, Булан цагаан гэх газарт зусаж байсан малчин Ж.Батбаярын 14 адууг хулгайлж, хилийн … дугаар тэмдэгт орчмоор хил давуулжээ. Улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хэрлэн гацаа гэх газарт хятадуудад худалдсан аж. Хууль хяналтын байгууллагынхан БНХАУ-ын талд албан тоот явуулж, адууг худалдан авсан гэх хүмүүсийг олж тайлбар авсан байна.
П.Онолтуяа болон “түүний нөхөд” айлын адууг хятадуудад аваачин зарж, махлуулан хохирогчийн олон жилийн хөдөлмөрийг үгүй хийсэн юм.
Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Д.Онон галынхаа хэдэн уяачдын хамт Дорнод аймагт нутагладаг гэдгийг хүмүүс мэддэг. Бүлэг хулгайчид 2010 оны есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын II багийн нутаг, Зүүн гол гэх газарт намаржиж байсан Д.Ононгийн 29 адууг хулгайлсан байна. Хохирогч ОХУ болон Баргаас адуу авчран монгол адуутай нийлүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж байсан бөгөөд адуугаа 125 сая гаруй төгрөгөөр үнэлсэн юм байна.
Гэмт этгээдүүд тэдний адууг хилийн … дугаар тэмдэгт орчмоор хил гаргаж, өмнө нь мал мах борлуулж байсан хятад иргэдэд худалджээ. Ингэхдээ Б.Ганзориг, Ж.Өнөрбат нартайгаа тохиролцон зохион байгуулалттайгаар хил давуулж, улмаар 2010 оны аравдугаар сард улсын хил зөрчин орж ирсэн байна. Зарсан адуу нь овоо мөнгө болсон бололтой, гэмт этгээдүүд нэг хэсэг “үүрэндээ орж” бүгжээ. Тэд адуу хил гаргахдаа хилийн орчимд тууж авчраад улмаар бэлчээр даган гарч буй дүр эсгэдэг байсан гэнэ. Ингээд 2011 оны хоёрдугаар сараас дахин “үндсэн ажилдаа” гарсан байна. Тэд Л.Батмөнхийн эзэмшлийн 06-17 УНЗ улсын дугаартай, “Мицубиши Делика” маркийн машин хөлөглөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Харганатын адаг гэдэг газраас иргэн Т-ын, Жаргалтхаан, Өмнөдэлгэрийн заагаас иргэн С-ийн адуу, тус аймгийн Хэрлэн сумын нутаг, Улаан эрэг гэх газраас иргэн Б-ийн үхрийг хулгайлж, Дорнод аймгийг зорьсон байгаа юм.
Удаа дараа мал хулгайлсан, улсын хил зөрчсөн, хориглосон эд зүйл болох олон тооны адууг БНХАУ-ын нэр бүхий иргэдтэй хуйвалдан хил давуулж махлан худалдсан хэргийг Тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж эхлэхэд дараа П.Онолтуяа “Та нар хүчээр хэрэг хүлээлгэх гэлээ. Намайг хэлмэгдүүлж байна. Би энэ хэрэгт ямар ч хамаагүй. Бид хил давуулж наймаа хийдэг хүмүүс биш” хэмээн өчиж байсан гэдэг. Харин БНХАУ дахь хамсаатан Хөгжилт, Ванг Фэй, Чанг Шун нар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга хошууны Дотоодыг хамгаалах товчооны байцаагчдад мэдүүлэг өгөхдөө гэрэл зургийг нь таниад “Адуу хил давуулж авчирдаг хэргийн гол зохион байгуулагч нь П.Онолтуяа. Харин түүнтэй хамт Б.Ганзориг, Ж.Өнөрбат нар ирдэг байсан. 2010 оны найм, есдүгээр сард нэлээд тооны адуутай ирсэн” гэж мэдүүлсэн байгаа юм.
Уг хэрэгт Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоож, Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон бөгөөд хэргийг хянаж байсан шүүгч Д.Ононгийн адууны үнэлгээ хэт өндөр байна, зах зээлийн ханшид нийцүүл гэсэн шаардлага тавьж буцааж байсан юм билээ. Уг хэргийг өнгөрсөн пүрэв гаригт Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэн П.Онолтуяа болон түүний хамсаатнуудыг улсын хил хууль бусаар удаа дараа зөрчсөн, хориглосон эд зүйл хил давуулсан, иргэдийн олон тооны малыг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, П.Онолтуяа, Б.Ганзориг, Ж.Өнөрбат нарт 10-аас дээш жилийн хорих ял ногдуулсан байна. Харин бусад дөрөвт нь таван жил хүртэл хорих ял оноожээ.