Татварын ерөнхий газрынхантай холбоотой дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тус газрын дэд дарга Ж.Батбаярт өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулж, компаниудад татвараас зайлсхийх боломж олгосон, авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар 2000 гаруй компанид НӨАТаас зайлсхийх боломж олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад НӨАТ-аас компаниуд зайлсхийхэд оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлийг нь тусгаарлаж, авлига албан тушаалынх нь хэргийг АТГ-т шалгаж буй. Ж.Батбаяртай холбоотой дахин нэг хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Батбаяр Туул голын эрэг дагуу хайрга олборлох үйл ажиллагаа явуулдаг “Булган газар” хэмээх компанийг худалдан авч, хувьцааных нь 50 хувийг эзэмшдэг аж. Төдийлэн ахицтай үйл ажиллагаа явуулж байгаагүй уг компанийг багагүй хэмжээний мөнгөөр худалдаж авсан гэх. Энэ компанийн улсад төлсөн татварын мэдээллийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаад гэмт хэргийн шинжтэй, татвараас зайлсхийсэн ноцтой баримтууд байгааг тогтоон УМБГ-т шалгуулахаар шилжүүлсэн байна. Тус компанийн удирдлагыг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар их хэмжээний татвараас зайлсхийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн сэжигт нээр шалгаж эхлээд буй гэнэ.
Харин ТЕГ-ынхан “Ж.Батбаяр даргын хууль бус үйлдлийг Ч.Гансүх хууль хяналтын байгууллагад мэдээлж шалгуулж эхэлсэн. Түүний нэг нь энэ “Булган газар” гэх компанийн татвараас зайлсхийсэн асуудал. Ж.Батбаяр Ч.Гансүхийн хувийн данс, авлигын шинжтэй үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагынханд мэдээлж хэн хэнийгээ эрүүгийн хэргийн холбогдогч болгоод байгаа” гэлээ.
Г.ОРЧЛОН