ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан бригадын генерал Т.Дашдэлэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ихэд нууц байдалд шалгаж байгаа тухай дуулдах болов. Түүнийг хилээр гарахыг хориглож, Батлан хамгаалахын сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ч явж чадаагүй гэх яриа бий. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудын хийж буй шалгалтын явцад түүний хууль бус үйлдлүүд нь тогтоогдсон гэх мэдээлэл ЗХЖШ-ын удирдлагад хүрсэн бололтой. Тиймээс бригадын генерал Т.Дашдэлэгийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын Штабын дарга, хурандаа Н.Батхүрэлийг томилжээ.
Сүүлийн өдрүүдэд бригадын генерал Т.Дашдэлэгийн ажлыг хүлээлцүүлэх комисс гарч, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын харьяа ангиудаар явж байгаа юм байна. Тус комиссынхон өчигдөр Завхан, Баянхонгор аймаг дахь салбар ангиудад очсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа АТГ болон прокурорын байгууллагынхан ихэд нууцалж байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр албан тушаал, эрх мэдлээ урвуулан байлдааны зэвсэг техникийг гуравдагч оронд худалдсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцны их биеийг хэд хуваан Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төмөр хайлуулах “Металл опт” компанийн хашаанд буулгасан талаар болон моторыг нь худалдах гэж айлын хашаанд хураасан байсныг бид одоогоос хоёр жил орчмын өмнө мэдээлсэн. Тухайн үед цагдаагийнхан энэ мэдээллийн мөрөөр шалгасан ч “Зэвсэглэл, техникийн бүртгэл, устгал улсын нууцад хамаардаг” гээд ЗХЖШ-ынхан өөрсдийгөө хаацайлан хэрэг хаагдсан” гэж байсан юм.
Харин энэ удаад уг онгоцны моторуудыг БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирэв. Хойд солонгосчуудын гомдлын дагуу өнгөрсөн зун АТГ-т эрх бүхий хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байсан бөгөөд тус газрын эх сурвалжийн мэдээлснээр, нэр бүхий хэдэн генералд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас татаж хянаад, хэрэгсэхгүй болгосон аж. Бидэнд олдсон мэдээллээр, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болон удирдах албан тушаалтай генералууд хамтран Умард Солонгосын талаас орж ирсэн 1.3 сая ам.долларын тодорхой хэсгийг нь хувьдаа завшсан гэх хэрэгт холбогдоод байсан юм билээ.
Манай улсын Зэвсэгт хүчин тухайн үеийн ЗХУ-ын Зэвсэгт хүчинтэй 1979 онд байлдааны зэвсэг техникийн ашиглалтын хугацаа дууссан ч гуравдагч оронд худалдахгүй, буцааж тус улсад шилжүүлэх тухайн гэрээ байгуулсан аж. Гэтэл сөнөөгч-бөмбөгдөгч “Миг-21” онгоцны моторыг БНАСАУ-ын талд худалдсан нь нотлогдвол гэрээгээ зөрчсөн төдийгүй олон улс дамжуулан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах гол шалтгаан болсон бололтой.
Г.РАВЖАА