Филиппиний хууль хяналтын байгууллагаас манай улсын иргэн Т.Аятунгааг ээж Б.Солонгынх нь хамт Интерполоор дамжуулан эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Өөрийн иргэнийхээ эрх ашгийг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч буйг ГХЯ-ны Консу лын газрын захирал Ш.Сүхбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Т.Аятунгаа, Б.Солонго нарын эсрэг хүүхдийн эцэг гомдол гаргасны дагуу тус улсын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн Филиппиний шүүхэд шилжүүлсэн юм билээ. Уг хэргийг тус улсын шүүх шийдвэрлэж, шийдвэрийнхээ хуулбарыг манай талд өгсөн нь бидэнд ирсэн. Өөрсдөд нь ч шүүхийн шийдвэрийг танилцуулсан байгаа. Хүүхдийн эцэг нь Филиппиний шүүхэд хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргасны зарим хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгоод харин Т.Аятунгааг хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээр доголдолтой хэмээн үзэж шийтгэсэн юм билээ.
Бид Т.Аятунгаагийн охин Ч.Тэргэлсарыг эх оронд нь авчрахын төлөө анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Бид тус улсад байдаг Өргөмжит Консулдаа хандаж, түүгээр дамжуулан хууль хяналтын байгууллагад нь гомдол гаргаад охины аав Чарльз Эдвард Крэсни Эргэнийг тус улсын хилээр гаргахгүй байх хориг тавиулсан. Мөн Синга пур дахь ЭСЯ-ныхнаар дамжуулан охины аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж байгааг Филиппиний талаас мэдээлэл авч ирүүлэх талаар хүсэлт тавьсан” гэлээ.
ГХЯ-наас Т.Аятунгаа, Б.Солонго нарыг өнгөрсөн арваннэгдүгээр сард эх оронд нь авчрахын тулд ЭСЯ, Өргөмжит Консулаараа дамжуулан удаа дараа бичиг, тоот илгээж, 2500 ам.доллар төлж байж нутагт нь авчирсан гэнэ.