Улсын ерөнхий прокурорын газраас өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 413 прокурор, туслах 110 ажилтан, захиргаа болон үйлчилгээний 292 ажилтантайгаар прокурорын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллажээ.
Тус байгууллагынхан 2012 онд эрүүгийн 54697 хэрэг бүртгэн, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавин ажиллаж, 6584-ийг нь шүүхэд шилжүүлжээ. 2012 онд хууль бусаар баривчлан цагдан хорьсон 74 хүнийг прокурорууд сулласан бол, хорих ял эдэлж буй 613 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. НПГ-ын орлогч Ц.Батболдоос зарим хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодрууллаа.
-УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдуулж АНУ-д манай хоёр иргэнийг баривчиллаа гэх мэдээлэл сар шинийн баярын үеэр дуулиан боллоо. АНУ-д ийм баривчилгаа болсон юм уу?
-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах Ажлын хэсэг хоёр жилийн өмнөөс шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажлаа үргэлжлүүлж байгаа. Манай хууль хяналтын байгууллагын хүсэлтээр АНУ-д ямар нэгэн баривчлах ажиллагаа явагдаагүй. Мэдээллийг ямар эх сурвалжаас авсан, ямар үндэслэлээр ийм мэдээлэл цацсаныг тогтоохоор шалгаж байна.
-ИНЕГ-ын хуучин, шинэ удирдлагад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийн шалгалтын явц ямар шатанд байна вэ?
-ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарын хүмүүст их хэмжээний мөнгө завшсан, авлига авсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Одоогийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгээгүй.
-УИХ-ын гишүүдэд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд бий юү?
-УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрл үүлэхээр шилжүүлсэн. Түүнээс гадна одоо УИХ-д сууж байгаа нэр бүхий гишүүдтэй холбоотой асуудал мөрдөн байцаалтын шатанд бий.
-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагт холбогдох хэргийг өнөөг хүртэл шийдвэрлэсэнгүй. Яагаад удаашраад байна вэ?
-Тус төвөөр хэвтэж эмчлүүлсэн хэмээн эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс завшсан гэх хэрэг өөрөө их онцлогтой. Тухайлбал. эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүний материалыг хуурамчаар бүрдүүлж байсан. Тиймээс тус эмнэлгээр хэвтэж эмчлүүлсэн хүн үнэхээр үйлчлүүлж үү, хуурамч материал байна уу гэдгийг тогтоохын тулд шалгалтын ажиллагаа удааширсан. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусаж, НПГ-ын хяналтад ирсэн.
-НПГ-аас өнгөрсөн долдугаар сард хэрэгсэхгүй болгосон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн удирдлагад холбогдох хэргийг сэргээн шалгах шийдвэр гаргажээ. Хэрэгсэхгүй болгох тогтоол нь үндэслэлгүй байсан гэсэн үг үү?
-Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн захирлуудад холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Хэрэгсэхгүй болгох тогтоолыг хянаад зайлшгүй шалгаж шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн зүйл байгаа учраас сэргээх тогтоол гаргасан
Г.РАВЖАА