АНУ-ын иргэн Жон Мартин Кийний амь насыг хөнөөсөн Ч.Баттуул гэх эмэгтэйд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр болсон юм. Харин хэргийг аль дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх харьяалал тогтоолгохоор НПГ-аас уржигдар Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн аж. Тус шүүхээс Ч.Баттуулд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон бөгөөд өчигдөр хэргийг нь шилжүүлжээ.
Ч.Баттуул нь Жон Мартин Кийнийг “Хамтарч бизнес хийе” хэмээн Монголд урьж, ирснийх нь маргааш буюу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдогийн ойролцоо хөнөөн, цогцсыг нь нуусан юм. Тэрбээр Тайванийн технологийн их сургуульд сурч байхдаа англи хэлний багшаар ажиллаж байсан Жон Мартин Кийнтэй танилцсан, түүний шавь нарын нэг байсан гэдэг.
Уг хэрэгт холбогдуулж Ч.Баттуулын найз залуу болон ахыг нь шалгаад гэм буруугүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон юм.
Г.ОРЧЛОН