Дайны эрсдэлийн даатгал нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт шалгуулж буй МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг болон бусад хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг сунгаад байгаа. Яллагдагчаар татсан дээрх хоёр хүнээс гадна “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал Н.Гантөмөр, Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү “Монгол керамик” компанийн захирал Б.Мандахбаяр, МИАТ-ын дэд захирал Р.Бат-Эрдэнэ нарыг шалгаж буй.
Зарим хэвлэлд уг хэрэгт холбогдуулан “Алтжин” группийн захирал Г.Алтанг, арилжааны зарим банкны удирдлагыг шалгаж байгаа хэмээн мэдээлэх болов. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “МИАТ-ын гэх хэрэгт холбогдуулж Г.Алтанг шалгаагүй. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Арилжааны зарим банкны удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл ташаа. Мөнгө угаасан байж болзошгүй гүйлгээнүүдийн талаарх мэдээлэл авах зорилгоор тэднээс тодруулга авч байгаа” гэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд сэжигтэн, яллагдагч нарын ашиглаж байсан компьютер, бусад шаардлагатай зүйлийг хураан авчээ. Түүнчлэн дээрх хэрэгт холбогдуулан зарим хүнийг сэжигтнээр шалгахаар болоод буй талаар эх сурвалж мэдээллээ. Г.Алтангийн хувьд Б.Эрдэнэбилэгтэй сайн найз ч гэлээ энэ хэрэгт нь холбогдолгүй аж. Ямар хүмүүсийг сэжигтнээр шалгах гэж байгаагаа хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж байв. ТӨХ-ны дарга асан, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг одоогийн байдлаар шалгаагүй байгаа аж. Сэжигтэн, яллагдагч нар ч түүний тухай ямар нэг зүйл яриагүй гэнэ.
Г.РАВЖАА