Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн шүүгчийн найман орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Ингэснээр Улсын Дээд шүүх 25 шүүгчтэйгээр шүүн таслах ажиллагаа явуулах аж.
Дээд шүүхийн шүүгчид эрүү, иргэн, захиргааны хэргийн гэсэн гурван танхимд хуваагддаг хэдий ч зарим тохиолдолд бүрэлдэхүүн хүрэхгүйгээс өөр танхимын шүүх хуралдаанд оролцох тохиолдол өмнө нь гарч байсан бөгөөд орон тоо нэмэгдсэнээр ийм асуудал үгүй болох аж.
Дашрамд дурдахад, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Улсын Дээд шүүхийн шүүгч болоход тавигддаг босго үзүүлэлтүүд өндөрссөн байна. Шинэ хуулиар давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил, эсвэл өмгөөлөгч, прокуророор 10-аас доошгүй жил ажилласан тохиолдолд Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруултад оролцох боломжтой болох юм.
Мөн Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил багшилсан тохиолдолд сонгон шалгаруултад оролцох эрхтэй болох ажээ.
Г.РАВЖАА