Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн байрыг зарсан, “оросууд авсан” гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон ч албан ёсны эх сурвалжууд энэ тухай ямар нэгэн тайлбар өгсөнгүй.
Харин сар шинийн өдрүүд хуучрахтай зэрэгцэн “Элчингийн мэдлийн аль байр түрээслэгдэж, зарагдсаныг шалгах УИХ-ын Ажлын хэсэг ОХУ-ыг зорив” гэх мэдээлэл олны анхааралд өртөж эхлээд байна.
Монгол Улсын Элчин сайдын яам Москва хотод Элчин сайдын яамны төв байр, Элчин сайдын яамны II байр буюу Худалдааны төлөөлөгчийн газар, Дипломатуудын орон сууц, Элчин сайдын яамны 1.5 га хэмжээтэй зуслангийн газар гэсэн дөрвөн объек тийг эзэмшдэг.
Учир битүүлэг яринд өртөөд буй барилга нь одоо Консулын газар байрлаж буй Элчин сайдын яамны II байр буюу Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар аж. Найман давхар энэ барилга 1964 онд ашиглалтад орж 1990 оны эхний жилүүдийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байж. Нийгэм солигдсоноос хойш нэг хэсэгтээ эзгүйрэх шахсан ч 2008 оныг хүртэл ресторан, зочид буудлын хэлбэрээр түрээсэлж, зарим хэсэгт консулын газраа байрлуулж байсан юм байна.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2008 онд Москва дахь Элчин сайдын яамныхан Худалдааны төлөөлөгчийн газрын барилгыг ОХУ-ын “Центр-Регион эстэйт” компаниар засварлуулжээ. Баригдсан цагаасаа хойш их засвар хийгдээгүй, хуучирч муудсан найман давхар барилгыг “Центр-Регион эстэйт” компани өөрсдийн зардлаар засварлаж, улмаар 10 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулан, засварын зардлыг түрээсийн үнээс суутгахаар тохиролцжээ. Энэ талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэнтэй холбогдож тодрууллаа.
-Москва дахь Элчин сайдын яамны барилга худалдагдсан, түрээслэгдсэн гэх тодорхойгүй мэдээлэл олон нийтэд хүрч эхэллээ. Энэ талаар мэдээлэл авахаар Тантай холбогдож байна?
-Элчин сайдын яамны мэдлийн байр зарагдаагүй, түрээслэгдсэн байгаа. Барилгыг зарах ямар ч боломж байхгүй. Монгол Улсын Засгийн газрын өмч, ОХУ-д бүртгэлтэй, өмчлөлийн гэрчилгээ, бүх бичиг баримт нь бий. 1960-аад оны дунд үед баригдсан барилгад бараг 50 жил ямар ч засвар хийгээгүй. Мөнгө хөрөнгө олдохгүйн гачлан их байлаа шүү дээ.
-Москва дахь Монгол Улсын өмчийн талаар таагүй мэдээлэл түгж байгаа нь гэрээний нөхцөл муу байсантай холбоотой байж болох уу?
-Гэрээг муу болсон гэж үзэхгүй. Хүний мөнгөөр засвар хийж сэргээгээд, түрээсийн хөлсөө засварын зардалд суутгах нөхцөлтэй гэрээ л дээ. Гэрээний хугацаа дуусах үед бид Худалдааны төлөөлөгчийн газраа тов хийтэл сэргээгээд авчихна гэсэн үг.
-Элчингийн байр зарагдсан уу, түрээслэгдсэн үү гэдгийг нягтлах Ажлын хэсэг Москваг зорьсон гэсэн. Тэд Тантай уулзсан уу?
-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр өглөө Берлинд очсон. Тэнд хэд хоног ажиллачихаад 21-ний орой Москвад ирж, 22-23-нд ажиллаад буцна гэсэн. Гэхдээ Ажлын хэсгийнхэн Элчингийн барилгын асуудлыг шалгахаар Москваг зорьсон гэж ойлговол өрөөсгөл болно. Монгол Улс дэлхийн улс орнуудтай тогтоосон гадаад харилцаагаа хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Энэ ажлыг идэвхжүүлэхийн тулд аль улс оронд элчин, консул, дипломатын газрыг шинээр нээвэл зөв бол. Одоо ажиллаж байгаа Элчин сайдын яам болон Консулын газруудыг өргөтгөх шаардлага бий юү гэх мэт судалгаа хийгдэж байна. УИХ-ын гишүүд энэ чиглэлээр Берлин, Москвад ажиллах юм.