Монгол Улсын шүүхүүдийн 2012 оны шүүн таслах ажлын дүн гарчээ. Анхан шатны шүүх 2012 онд 10672 хүнд холбогдох 7065 эрүүгийн хэрэг хүлээн авч, 851 хүнд холбогдох 472 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 8324 хүнд холбогдох 6161 хэргийг таслан шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 2011 оныхоос 4.8 хувиар, ял шийтгүүлсэн хүн 1.4 хувиар өссөн байна. Шүүхээр шийдсэн эрүүгийн хэрэг Дорнод, Дорноговь, Булган, Увс, ДарханУул, Сүхбаатар, Баянхонгор, Хэнтий, Ховд аймагт 1.7-31.6 хувиар буурч, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Говьсүмбэр, Өмнөговь, Баян- Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай, Завхан аймагт 3.7-57.7 хувиар нэмэгджээ. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэг хэрэг өнгөрсөн оныхоос 0.1, албан тушаалын гэмт хэрэг 27.3 хувиар буурсан бол эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн 5.7, хүн амины долоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11.7 хувиар тус тус өсчээ. Дээрх хэргүүдэд ял шийтгүүлсэн хүмүү- сийн дотор насанд хүрээгүй 570, эмэгтэй 726, гадаадын харьяат 39, урьд нь ял шийтгүүлсэн 1544, ажил сургуульгүй хүмүүс 5471 байна. Шүүх ял шийтгүүлсэн насанд хүрээгүй 570 хүний 382-ынх нь хорих ялыг хуульд заасны дагуу хойшлуулж, 132 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 21.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 654 хүний амь хохирч, 2963 хүн гэмтжээ.