Төв аймгийн Заамар сумын нутаг, “Алтан дорнод Монгол” компанийн уурхайн хамгаалагч өнгөрсөн оны зургадугаар сарын 5-нд хүний амь бүрэлгэсэн юм. Тус сумын Хайлааст багт амьдардаг ээжийндээ очихоор явж байсан 27 настай Ж гэх залууг дээрх компанийн хамгаалагч С.Балт нарын хэдэн хамгаалагч зодсоноос элэг нь задран нас барсан.
Хамгаалагч С.Балт талийгаачийг “Манай компанийн эзэмшлийн бүсэд нэвтэрч, хууль бусаар шороо авахыг завдсан” хэмээн хардаж ийн танхайрчээ. Төв аймгийн Сум дундын II шүүх уг хэргийг хэлэлцээд “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагч С.Балтыг санаатайгаар хүний амь бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, жирийн дэглэмтэй хорих ангид долоон жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэв.