Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга нарын дунд оны заагаас эхлэн “яаралтай” гэсэн тодотголтой албан бичгүүд “нисэх” болжээ. Тус бичигт олон улсын цорын ганц нисэх буудал “Чингис хаан” болон орон нутгийн 12 нисэх буудлын тодорхой хувийг хувьчлах, аялал жуулчлалын зориулалттай болгон хөгжүүлэх мэргэн санал тусгагдаж. Салбарын сайд нисэх буудлуудыг хоморголон хувьчлах хүслээ яаравчлахын тулд “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгах зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний жагсаалт” гарган Эдийн засгийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хороо хоёрыг шахаж эхэлсэн байна.
ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийнхөө өмнө А.Гансүхийн албан бичгийг дэмжсэн, ямар ч үндэслэлгүй 422 тоот тушаал гаргаж “Чингис хаан” нисэх буудлын захирал Л.Бямбасүрэнд “Нисэх буудлуудыг хувьчлах асуудлыг яаралтай шийд” гэсэн үүрэг өгсөн байх юм. Угтаа бол нисэх буудлууд ИНЕГ-ын харьяа болохоос төрийн өмчит улсын үйлдвэрийн газар биш гэдгийг Ц.Нанзаддорж ТӨХ-ны даргын суудалд түр заларсан ч гэсэн мэдэж байсан нь гарцаагүй. Салбарын нэг тулгуурыг хугалж мэдэх энэхүү оролдлого нь МИАТ компанийн хувьчлалд санаархаж буй “Монголиан эйрлайнз” группийн далд эздийн агаарын тээврийн зах зээлийг эзлэх стратеги төлөвлөгөөний нэг хэсэг бололтой. Төрийн өмчийн агаарын тээвэрлэгчийг торлоод, өрсөлдөгчдөө буланд шахаж буй тэдэнд энэ салбарыг гартаа оруулахад нисэх буудал дутсан бололтой.
Японы хөрөнгө оруулалтаар Хөшигийн хөндийд баригдахаар төлөвлөгдсөн олон улсын нисэх буудлын төслийг царцааж, МИАТ компанийг хувьчилж, “Монголиан эйрлайнз” группийн агаарын хөлгүүдийн “Чингис хаан” олон улсын болон орон нутгийн нисэх буудалд ямар ч төлбөргүй буух замыг засах гээгүй л бол дотоодын зорчигч тээвэрлэлт эрс буурснаас үүдэн ашиггүй ажиллах болсон нисэх буудлыг салбараас нь салгах хэрэггүй баймаар. Үнэн хэрэгтээ өдрийн од шиг буух цөөн онгоцны хөөрөлт, суултын төлбөр, ирж буцаж буй зорчигчдын ойр зуурын хэрэглээний орлогоос өөр юу ч үгүй орон нутгийн нисэх буудлын алдагдлыг салбар нь нуруундаа үүрч ирсэн юм. Учир нь тус буудлуудад Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй олон улсын агаарын хөлгүүдтэй холбоо барьж чиглүүлдэг бодит ажиглалтын систем, нислэгийн удирдлагын дуун холболт, мэдээллийн үйлчилгээний автомат радио станц зэрэг навигацын тоног төхөөрөмж байдаг. Зарим нисэх буудал нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд л цөөн хэдэн орон тоотой ажилладаг.
Нисэх буудлыг өөд нь татаж, олон улсын стандартад нийцсэн онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, аэродромтой болгох ажлыг төр сүүлийн жилүүдэд ээлж дараатай хийж ирсэн билээ. Зам тээврийн сайдын улс орны чухал салбарыг хэсэгчлэн хуваахыг санаархав уу гэмээр энэ мэт шийдвэрээс харахад Монголын агаарын тээврийн зах зээлийг залгих оролдлого хийж буй бүлэглэл төд удалгүй салбарын орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг, үйлдвэрлэлийн гол цэг нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийг хувьчилна хэмээн зүтгэж ч мэдэхээр болж. Харин улс орны онцгой салбарыг талын нэг тараасны балгаар навигацын төхөөрөмж саатаж, олон улсын авиакомпанийн агаарын хөлөгт аюул тулгарч эхэлбэл хариуцлагыг шийдвэр гаргасан сайд, ТӨХ, салбарыг гартаа оруулсан ил далд эзэд хүлээхгүй нь тодорхой. Байдал иймдээ тулж, Монголын тэнгэрт аюулын харанга дэлдэж буй нь мэдэгдвэл олон улсын авиакомпаниуд нислэгийн чиглэлээ өөрчлөөд асуудлаа шийдчих байх. Тэр цагт Монгол Улсын сул доройг тив дамнан хэлэлцэж, Европ, Зүүн өмнөд Азийг холбосон агаарын гол замаас олдог хэдэн доллар салхинд хийсэх биз ээ.
Онцгой салбарын цул хүчийг бутаргах хачирхалтай шийдвэрийг ҮХАА-н сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нар удаа дараалан гаргаж байгаа бөгөөд энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Энэ нь тэдний төмөр зам болон агаарын тээврийн салбарт нөлөөгөө тогтоох гэсэн оролдлоготой нь холбоотой гэдэг юм билээ. Бодлогоо хэрэгжүүлэх замыг нь Дайны эрсдэлийн даатгалаас мөнгө завшсан МИАТ-ын захирлуудын дуулиан засаж өгөх байсан ч үйл явдлыг дагаж олон мэдээлэл нийтэд ил болоод байна. МИАТ-ын захирлуудын дуулиан дөнгөж эхэлмэгц Зам тээврийн сайд А.Гансүх “Шинэчлэлийн Засгийн газар гарснаар МИАТ-ын хэрэг илэрсэн” гэж дориун мэдэгдэж байв. Үнэн хэрэгтээ МИАТ-ын удирдлагууд даатгалын гэрээг салбарын сайдаас нууж чадсан нь эргэлзээтэй.
Харин сайдын мэдэгдлийн ард МИАТ-ын хувьчлал нуугдаж байсан нь өдгөө нэгэнт ил болж, араас нь “Чингис хаан” олон улсын болон орон нутгийн нисэх буудлыг хувьчлах төлөвлөгөө нь задрав. Төрийн мэдлийн өмчийг удирдах, эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй Төрийн өмчийн хороо Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайдын мэдлээс мултарч, ҮХАА-н сайдын мэдэлд очоод байгаа. Энэ бол төрийн хувьд “хонио чононд хадгалуулсан”-тай ижил зүйл болоо юу гэмээр.
Эцэст нь хэлэхэд мэргэжлийн онцгой салбаруудыг сульдааж, төр, олон нийтийн өмчийг хувьчилж авах санаархлаа ил тод хэрэгжүүлж эхэлсэн ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа Танхим нь анхаарах цаг иржээ.