Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст олны анхаарал татсан хэдий ч нууцтай холбоотой учраас тэр бүр мэдээлээд байдаггүй ноцтой хэргүүдийг шалгаж байгаа. Тус газарт шалгаж буй олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт ямар байгаа талаар бид эргэн сурвалжилсан юм.
ДЭД ХУРАНДАА В.НЯМХАНДЫГ ГУРАВ ДАХЬ УДААГАА ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг НПГ-аас гурав дахь удаагаа Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүллээ. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс түүнд холбогдох хэргийг шүүхээс даалгасан даалгаврын дагуу нэмэлт мөрдөн байцаалт явуулж дуусаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн аж. В.Нямхандад Эрүүгийн хуульд заасан төрийн нууц задруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хятадуудад улсын нууцад хамаарах мэдээ баримтыг дамжуулсан хэмээн буруутгаж буй юм. Тодруулбал, ашигт малтмалын ордтой холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийн найзууддаа дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэх мэдээлэл байдаг.
ЗГХЭГ-ЫН РЕФЕРЕНТИЙГ ПҮРЭВ ГАРИГТ ШҮҮНЭ
Төрийн нууц задруулсан хэрэгт холбогдсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Н.Мөнхбатад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх ирэх пүрэв гаригт хэлэлцэ хээр товложээ. Тэрбээр өнгөрсөн долоо, наймдугаар сарын үед дээрх албыг хашиж байхдаа төрийн нууцад хамаарах мэдээ материалыг албан хэргийн ил материал дунд оруулан нийтэд дэлгэсэн аж. Түүнийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст төрийн нууц задруулсан гэсэн үндэслэлээр шалгаад шүүхэд шилжүүлсэн аж. НПГ-аас Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилж үүлсэн байна.
Г.БАДАМРАГЧААГ ТЕГ-Т ДАХИН ШАЛГАЖ ЭХЛЭВ
Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон найруулагч Г.Бадамрагчаад холбогдох хэрэгт хяналт тавьж буй прокурор хэд хэдэн зүйлийг дахин шалгуулахаар хэргийг нь ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаасан байна. Тус хэлтсээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан дээрх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард батлан даалтад гаргасан юм. ТЕГ-ын эх сурвалж “Г.Бадамрагчаа нарыг болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч, баривчилсан. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын хэрэг нь зохион байгуулалттай гэдэг утгаараа ноцтой” гэж мэдээлсэн юм.
МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭСГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
“Голомт” банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шалгуулж буй беларусь эрд холбогдох хэргийн мөрдөн байцаалт ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас тус улсад хийх шалгалтыг хүлээн өдий хүрч байна. Беларусь улсын иргэн Алек сандр Сергеевич Соловьевийг тус банкаар дамжуулан 200 сая орчим ам.доллар угаасан хэрэгт буруутгаж ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад “Голомт” банктай холбоотой үйлдлүүд нь тогтоогдохгүй байсан учраас прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. А.С.Соловьевт холбогдох хэргийг шалгах үед ОХУ-ын арилжааны банкнаас 200 орчим сая доллартай тэнцэх хэмжээний рубль шилжиж ирээд, гарсан байгаа нь тогтоогдсон бөгөөд уг асуудлыг ОХУ-ын хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар НПГ-аас даалгавар бичиж илгээсэн аж. ТЕГ-ын эх сурвалж “ОХУ-ын тал манайхаас явуулсан албан даалгаврын хариуг биелүүлээд явуулчих юм бол уг хэргийн мөрдөн байцаалт үндсэндээ дуусна” гэж мэдээлсэн юм.
Дашрамд дурдахад өдгөө уг хэрэгт холбогдсон А.С.Соловьев батлан даалтад байгаа бөгөөд тэрбээр манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Казмонконтакт” болон өөр хэд хэдэн охин компанитай юм байна. Тус компани нь Баян- Өлгий аймгийн Ногооннуур суманд Хавцал нэртэй төмрийн хүдрийн орд газарт хайгуул, ашиглалт хийдэг аж.