“New Yorker” сэтгүүлийн 2013 оны нэгдүгээр сарын дугаарт тоймч Пэйж Уильямс “Хэрүүлийн алим” (‘Bones of contention’) нэртэй нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.
Нэгдүгээр хэсэг
Америкт түүх дурсгалын гайхалтай чухал олдворуудын дуудлага худалдаа жилд тав зургаан удаа л болдгийн нэг нь өнгөрсөн тавдугаар сард Челсигийн (Нью-Йорк) “Dia Center for the Arts”-т тохиов. Чулуужсан мод, зааны хос соёо болон жаран хөлт, аалз, хилэнц хорхойн хатаамал, бас үлэг гүрвэлийн ясыг дээрх дуудлага худалдааны үеэр арилжсан юм.
Миний санаж буйгаар энэ өдөр Мароккогоос олдсон үлэг гүрвэлийн хөл болон сарвуу ердөө 630 ам.долларын үнэ хүрсэн. Харин Тиранозаврын 26.2 см-ийн урттай том шүд 40 мянга орчим ам.доллараар зарагдав. “Dia Center for the Arts” төвийн дуудлага худалдаанд зориулсан талбайн голд, томоо хаалтын цаана Тарбозавр батаарын сүрлэг том араг яс ирсэн хүн бүрийн сонирхлыг соронзон адил татаж байлаа. Далан сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан 2.4 метр өндөр, 7.2 метр урт энэхүү үлэг гүрвэлийн ясыг Монголын говиос олсон гэнэ. Германаас олдсон далайн сараана (маш ховор)-ын ясыг 40 мянган ам.доллараар худалдсаны дараа “Heritage auctions” (уг дуудлага худалдааг зохион байгуулагч)-ийн ерөнхийлөгч Грег Рохан нэгэн чухал олдворыг хүмүүст танилцуулахаар сэтгэл нь ихэд хөдөлсөн нь илт. Тэр үүнийг “түлхүүр олдвор” гэдгийг онцлоод 75 хувь нь бүрэн олдсон маш ховор, үнэ цэнэтэй үлэг гүрвэлийн ясыг олонд танилцуулав.
Тарбозавр батаарыг 875 мянган ам.доллараас эхлэн дуудах гэнэ. Энэ үед гартаа “BlackBerry”утас барьсан Хьюстоны өмгөөлөгч Роберт Пэйнтер хэдийнэ ирчихсэн байсан бөгөөд дуудлага худалдааг хууль бус гэдгийг гадарласан байжээ. Гэхдээ тэр энэ удаад арга хэмжээг тасалдуулахыг хүссэнгүй. Учир нь дуудлага худалдаа болохоос нэг хоногийн өмнө Техасын шүүгч Карлос Кортез “Heritage auctions” компанид дуудлага худалдааг хойшлуул гэсэн албан бичиг явуулсан бөгөөд дуудлага худалдааны гол олдвор болох Тарбозавр батаарыг Монголоос хууль бусаар хил давуулсан гэж сэрдэж буйгаа мэдэгдсэн байна. Дуудлага худалдаа болохоос өмнө Монголын Засгийн газар хууль бус наймааны талаар мэдээлэл авсан байсан нь Нью-Йоркт амьдардаг Монголын палеонтологич М.Болорцэцэгийн ач байв. Тэрбээр Монголын нутгаас хулгайлсан үлэг гүрвэлийн ясыг дуудлагаар худалдах гэж байгаа тухай мэдээг зурагтаар үзжээ. Дараа нь тэр “Heritage auctions”-ийн цахим хуудсаар орж, дуудлагаар худалдах эд өлгийн зүйлсийн жагсаалтад Тарбозавр батаарын араг яс буйг харсан байна. Тэнд үлэг гүрвэлийн ясыг Монголын говиос олсон гэж бичсэн байсан аж. М.Болорцэцэг энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Ц.Оюунгэрэл рүү и-мэйл бичжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудлага худалдаа болохоос ердөө хоёр хоногийн өмнө өргөдөл гаргасан ч хожимдсон байлаа. Дуудлага худалдаа болдгоороо болохоор болов. Энэ зуур М.Болорцэцэг зүгээр суусангүй, Монголоос олддог үлэг гүрвэлийн яс судлалын талаар сайн мэдэх АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологич Марк Норелл, Алабамагийн их сургуулийн палеонтологич Пил Карри нартай яаралтай холбоо тогтоов. М.Норелл “Энэ олдвор бол монголчуудын өв хөрөнгө. Үлэг гүрвэлийн яс Монголын музейд л байх ёстой” гэж түүнд хэлсэн нь бага ч атугай урам зориг төрүүлэв. Түүний энэ санал цахим хуудсаар тарж палеонтологичид, геологичид, оюутнууд болон монголчуудын дэмжлэгийг авч, дуудлага худалдааг эсэргүүцэгчид “Үлэг гүрвэлийн яс Монголын музейд байршиж, хүмүүс эрт цагийн гайхамшигт олдворыг ойроос харах хэрэгтэй. Тэрнээс биш Уолл Стрийтийн том, тарган баячуудын хувийн өмч болох ёсгүй...
Монголын үлэг гүрвэлийн яс бол түүхийн үнэт олдвор, яг л Мона Лиза шиг үнэ цэнэтэй эд” хэмээн эсэргүүцлийн комментууд тарааж эхлэв. Дараа нь М.Болорцэцэг “Heritage Auctions” компани руу захидал бичсэн бөгөөд “...Тарбозавр батаар яг хаанаас олдсон олдвор вэ, үүнийг та бүхэн хууль ёсны дагуу авчирсан уу” гэж асуусан байв. Удсан ч үгүй түүнд тус компаниас “...Таны санаа зовж байгааг бид сайн ойлгож байна. Гэхдээ бидний бичиг баримтад хууль ёсноос гадуур нэг ч зүйл байхгүй. Тарбозавр батаар 70 сая жилийн өмнө амьдарч байсан. Харин Монгол Улс ердөө 1921 онд тусгаар тогтнолоо олсон шүү дээ” гэж илтэд сөргөсөн хариу илгээсэн байлаа. Монголын Засгийн газар дээрх хэрэг явдлаас үүдэж, Хьюстоны өмгөөлөгч Роберт Пэйнтерийг өмгөөлөгчөөр хөлслөв. Яг дуудлага худалдаа болдог өдөр Р.Пэйнтер өөрийн “Black- Berry” гар утсандаа бүхий л яриаг хуулж амжжээ. Зохион байгуулагчид түүнийг анзаарсан боловч болиулж чадсангүй.“Heritage auctions”-ийн ерөнхийлөгч Г.Рохан завсарлагааны үеэр танхимын үүдэнд Р.Пэйнтертэй мэндлээд л өнгөрчээ. Удалгүй өмгөөлөгч Р.Пэйнтер нэрээ нууцалсан нэгэн этгээд үлэг гүрвэлийн ясыг нэг сая ам.доллараар худалдан авсан болохыг олж мэдэв.
Тарбозавр батаарын ясыг 37 настай, Флоридад амьдардаг, “ясны ангууч” Эрик Прокопи гэгч зарсан болох нь удалгүй ил болов. Флорида бол үлэг гүрвэлийн ясны ангуучдын “ариун газар” бөгөөд 50 сая жилийн өмнө энд олон төрлийн динозавр бэлчиж байсан юм. Э.Прокопи багаасаа л үүнд мэргэшжээ. Флоридагийн Тампа хэмээх жижиг тосгонд хөгжмийн багш эцэг, гэрийн үйлчлэгч эхийн гэр бүлд өссөн Э.Прокопи багадаа аварга загасны шүд цуглуулж, худалддаг байсан аж. Тухайн үед аварга загасны шүд мянга орчим ам.долларын үнэ хүрдэг байж. Тэр анхныхаа аварга загасны шүдийг долоон настайдаа олж, арван настайдаа усанд шумбагчийн үнэмлэхтэй болсон байна. Хүүхэд насны адал явдлууд нь түүнийг палеонтологийн номонд дурлахад хөтөлж, улмаар тэр өөрийн эрэл хайгуулаа өөр чигт чиглүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгов.
Эртний амьтдын чулуужсан яс!!! 1990-ээд оноос эхлэн тэр чулуужсан ясны наймаанд эргэлт буцалтгүй орж, анхны дуудлага худалдаагаар 800 орчим ам.доллар олж, ихэд урамшжээ. Туршлагатай “анчид”-тай ч холбоо тогтоов. Эртний амьтдын ясыг хаанаас олох, түүнийгээ хэрхэн тээвэрлэж авчрах, дуудлагаар яаж худалдах вэ зэрэг бүхий л асуултын хариуг тэднээс олов. Зарим оронд эртний амьтдын араг ясны худалдааны тухай ямар ч ойлголт байдаггүй нь ясны анчдад том өгөөш болдог. Өсвөр насны хөвгүүн Э.Прокопи үүнийг ой ухаандаа гүн бат суулгаж авчээ. Түүний 16 насны төрсөн өдрийн өмнөхөн АНУ-д үлэг гүрвэлийн ястай холбоотой томоохон дуулиан дэгдсэн нь Өмнөд Дакотагийн Файт хэмээх газраас олсон Тарбозавр рексийн гайхалтай олдвортой холбоотой байв. “Black Hills” геологийн судалгааны нийгэмлэгийн судлаач, хувны ангууч Сью Хэндриксоноор удирдуулсан баг мөнөөх үлэг гүрвэлийн ясыг олж, “Тарбозавр рекс Сью” хэмээн нэрийджээ. Гэвч удсан ч үгүй тэрбээр шүүхийн хаалга татсан юм. Учир тэр энэхүү олдворыг Сиугийн фермерийн эзний мэдлийн талбайгаас олсон учраас үлэг гүрвэлийн яс фермийн эзний мэдлийнх гэж заргалджээ. Энэ үед “Юрийн галавын цэцэрлэг” кино дэлгэцнээ гарч, хүмүүс үлэг гүрвэлийн тухай ид сонирхож байсан болохоор ч тэр үү, Тарбозавр рекстэй холбоотой хэрэг АНУ даяар шуугиан тарьсан сэдэв боллоо.
Улмаар фермийн эзэн ялж, Тарбозавр рексийг өөрийн мэдлийн болгомогц, 1997 оны аравдугаар сарын 4-нд “Sotheby”-гийн дуудлага худалдаагаар худалдаж, Чикагогийн Байгалийн түүхийн музей 8.4 сая ам.доллараар (“Walt Disney”болон “McDonald’s”-ийн хандиваар) худалдан авчээ. Энэ хэрэг ясны ангуучдад томоохон сургамж болоод дуусав. Өсвөрийн “ангууч” Э.Прокопи ч ялгаагүй энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг эхнээс нь эцэс хүртэл нь ажиглажээ. Америкт үлэг гүрвэлийн яс Баруун хэсгээс, мөн Канад, Шинэ Зеландтай хиллэх цэг орчмоос ихэвчлэн олддог байна. Тус улсад өдгөө мөрдөгдөж буй хуулиар бол судлаач, хайгуулчид зөвхөн өөрийн эзэмшлийн газраас олдсон үлэг гүрвэлийн ясыг л худалдаж болно. Хэрэв өөрийнх нь эзэмшил газраас олдсон л бол эзэмшигч нь худалдах, экспортлох бүх эрх нь хуулийн дагуу. Харин өөр хүний эзэмшлийн талбайгаас олсон бол тэр нь тухайн эзнийх болох учиртай. Чухам энэ үндэслэлээр Тарбозавр рекс фермийн эзнийх болж хувирсан юм. Энэ хуулиас үүдэж Америкийн палентологичид маш их мөнгө зарсан томоохон олдворуудаа алдаж байсан бараан түүх бишгүй.
Э.Прокопи араг ясны бизнесээ дунд сургуульд ч, коллежид байхдаа ч үргэлжлүүлсээр байв. Тэр Гейнсвилл дахь Флоридагийн их сургуульд үнэгүй суралцах тэтгэлэгт шалгарч, их сургуулийнхаа усанд сэлэлтийн багт элсэж, инженерийн мэргэжил эзэмшив. Сургуулиа төгсөөд Э.Прокопи Гейнсвиллд үлдэж, ясны ангуучдын талаар судлахад өдрийн ихэнх цагийг зарцуулж байв. Тэр өөрийгөө “арилжааны палеонтологич” гэж тодорхойлоод зогсохгүй энэ төрлийн бизнес эрхлэх компани байгуулж, түүнийгээ “Florida Fossils” гэж нэрлэв. Залуухан арилжааны палеонтологич Э.Прокопи 28 насандаа усан гахай сургагч Аманда Грахамтай гэрлэв. Удалгүй Аманда нөхрийнхөө бизнест хүчин зүтгэж, Тусон болон Денверийн шоунд оролцоход нь бүх талаар туслах болжээ.
Хоёрдугаар хэсэг
Хэрэв та Э.Прокопийн хэрэн хэсүүчилсэн газрын зургийг харвал Флоридагаас эхэлж, Алабама, Техас, БНХАУ, Япон, Перу, Марокко, Аргентин, Казахстанаар дайрсан урт аяныг харах болно. Энэ зуур тэр юу эсийг худалдаж явав. Залхуу баавгайн савар, заан болон чонын соёо, үлэг гүрвэлийн хавирга... Эднийг тэр сайндаа л 10-50 ам.доллараар худалдан авч, цааш өндөр үнээр борлуулдаг.
Э.Прокопи үлэг гүрвэлийн ясны бизнест эргэлт буцалтгүй хөл тавьснаар түүний байгуулсан “Florida Fossil” компани гурван оронтой тоонд эргэлдэх бизнест шилжлээ. 2011 оны намар Монголоос олсон Овирапторын хоёр зулзаганы ясыг тус бүрд нь 350 ам.доллар, Тиранозаврын шүдийг 350 ам.доллар, сүүлний нугалмайг 410 ам.доллараар зарав. Энэ бол муугүй эхлэл байлаа. “Florida Fossil” компанийн “eBay” дэх рэйтинг 99.7 хувьд хүрч байсан нь тэр ямар их амжилт олсныг харуулж байгаа юм.
Тэр шинэ газар эрэлхийлж эхэллээ. Удсан ч үгүй түүнийгээ олов. ОХУ, БНХАУ-ын дунд орших Монгол Улс нь Техасаас хоёр дахин том газар нутагтай бөгөөд гурван сая хүнийх нь 30 хувь Улаанбаатар хотдоо амьдардаг, шинээр хөгжиж буй зах зээл юм. Үлэг гүрвэлийн ясны ангуучид Монголын говь дахь Нэмэгт хэмээх газрыг сайн мэднэ. Канадын палентологич Пил Карригийн хэлж буйгаар “Яг одоо бол Нэмэгт нь дэлхий дээрх хамгийн том үлэг гүрвэлийн өлгий нутгийн нэг” аж.
Махчин, хоёр хөлтэй Тарбозавр батаар 70 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан бөгөөд ОХУ, Монголын эрдэмтэд 1946 онд Нэмэгтэд явуулсан судалгааны ажлын хүрээнд анх олж илрүүлжээ. Уг үлэг гүрвэл Тарбозавр рекстэй нэг цаг үед амьдарч байсан ч биеэр харьцангуй жижиг, бидэнд мэдэгдэж буй хамгийн том нь л гэхэд дөнгөж дөрвөн метрийн өндөртэй байдаг юм. Тарбозавр рексийн араг яс зөвхөн Хойд Америкаас л олддог шиг Тарбозавр батаарын араг ясыг Монголоос өөр газраас олох аргагүй юм.
Зөвхөн АНУ ч гэлтгүй үлэг гүрвэлийн өлгий нутаг болох Аргентин, Канад, БНХАУ зэрэг улсад олдворыг дотоод зах зээлдээ л борлуулах хууль эрх зүйн орчин бий. Гэтэл Монгол Улс 1924 оноос эхэлж хууль бус ясны ангуучдын хараанд өртсөн бөгөөд тухайн үед болон одоо ч тэр үлэг гүрвэлийн ясыг хамгаалах эрх зүйн орчин хангалттай сайн биш. Энэ нь Э.Прокопи шиг арилжааны палеонтологичдод том өгөөш болдог байна. “Монголын говь цөлмөгдөж дуусах нь” хэмээн Байгалийн түүхийн музейн палеонтологич Марк Норелл харамсангуй ярьж байлаа. Үлэг гүрвэлийн яс овор ихтэй ч Монголын гаальчид ясны ангуучдын хөнгөхөн заль, багахан мөнгөнд л хууртдаг болохоор арилжааны палеонтологичид Монголд ажиллахдаа дуртай. Тэд шүд, соёо зэрэг тээвэрлэхэд амархан хэсгүүдийг эхэнд нь явуулна. Харин сээр нуруу болон их биеийн хэсгийг нүүрс тээвэрлэдэг машины ачаан дунд нууж гаргадаг гэсэн. Мэдээж үүнд гаалийн ажилтнууд болон хууль бусаар хил давуулагчид голлох үүрэг гүйцэтгэдэг.
Яг үүнтэй төстэй замаар Тарбозавр батаарын яс 2010 оны гуравдугаар сарын 27-нд АНУ-ын хилийг давжээ. Энэ ажиллагаанд Э.Прокопи АНУ-ын хамгийн алдартай ясны наймаачин болох Крис Мурыг татан оролцуулж, түүнээс дэмжлэг авчээ. Ясыг Их Британиас усан онгоцоор тээвэрлэн АНУ-д авчрах замын нийт зардал нь 15 мянга орчим ам.доллар болсон гэдэг. Э.Прокопи хулгайн ясыг нэг их асуудал тарилгүй АНУ-ын хил давуулсандаа урамшив. Улмаар бүтэн нэг жилийг Тарбозавр батаарын араг ясыг цэвэрлэхэд зарцуулжээ. Мөн дутуу хэсгүүдийг орлуулан гүйцээхээр музейн мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож амжив. Эхэн үед тэр үлэг гүрвэлийн ясны хэсгүүдийг гал тогооны өрөө, гараашдаа цэвэрлэж байгаад 2011 оны тавдугаар сард том хэмжээний байгууламж барьжээ. Тарбозавр батаарын яс сая ам.доллар ч хүрч болзошгүй болохоор “хүндэтгэлтэй” харьцах хэрэгтэй.
2012 оны эхэн гэхэд үлэг гүрвэлийн ясыг цэвэрлэх ажил дууслаа. Тэрбээр эхнэр Амандагийнхаа фэйсбүүк дэх хуудаст үлэг гүрвэлийн ясны хэсгүүдийн зургийг оруулж, зарим нэг мэдээллийг хавсаргасан нь худалдан авагчдын анхаарлыг татаж эхэлсэн. Бүх зүйл Э.Прокопийн санаснаар өрнөж байв. Түүний дараачийн төлөвлөгөө нь Тусоны шоунд оролцох. Жил бүрийн хоёрдугаар сард болдог Тусоны шоу бол үлэг гүрвэлийн яс, үнэт эдлэл, эртний олдворуудыг олонд дэлгэн үзүүлдэг дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ юм. Энд л тэр худалдан авагчидтай холбоо тогтоох боломжтой. Э.Прокопи сайтар хөөцөлдсөний эцэст уг шоуны үеэр анх удаа Тарбозавр батаарын зургийг олон нийтэд дэлгэн харуулжээ. Худалдан авагчид ихэд сонирхож байв. Тэр цаг алдахыг үл хүсэж, нэн яаралтай дуудлага худалдаа зохион байгуулагч компаниуд руу (“M. Chait”, “Heritage auctions”, “Sotheby’s”,“Bonhams”) захидал бичлээ. Эдгээрээс зөвхөн “Heritage Auctions” -аас л зөвшөөрсөн хариулт ирсэн бөгөөд хаврын дуудлага худалдаанд зориулж үндсэн катологт Тарбозавр батаарын тухай мэдээллийг оруулж амжив. Э.Прокопи Тарбозавр батаарын ясыг Техас руу зөөж авчрууллаа. Энд өөр хэд хэдэн үлэг гүрвэлийн яс ч хамт байв.
“Heritage Auctions” дуудлага худалдааны үндсэн катологт бичихдээ “Бид энэ удаад арав орчим үлэг гүрвэлийн ясыг үнэ хаялцуулахын дотор бидэнд мэдэгдээд буй хамгийн бүрэн (75 хувь) олдсон Тарбозавр батаарын яс бий” хэмээн тодотгожээ. Бас эдгээрийг 150-200 мянган ам.доллараас эхэлж дуудна гэсэн мэдээлэл байлаа. Гэтэл хоёр долоо хоногийн дараа бүх зүйл буруугаар эргэж, Монголын Засгийн газар шүүхдэхээр болсон тухай мэдээ гарах болов. Энэ мэдээллээс болж ихэнх худалдан авагч татгалзсан хэдий ч нэрээ нууцалсан эрхэм тус компанийнхантай утсаар холбогдож, Тарбозавр батаарыг худалдан авах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрбээр Тарбозавр батаарыг 1.052.500 ам.доллараар өөрийн болгов. Гэвч үүссэн хэрэг явдлаас үүдэж үлэг гүрвэлийн араг ясыг Күинс дэх урлагийн үнэт олдворыг түр хадгалах газарт шилжүүлсэн бөгөөд хэрэв Э.Прокопи шүүх хуралд ялбал нэрээ нууцалсан эрхэм рүү шилжүүлэхээр тохирцгоожээ. Дуудлага худалдаа болсны дараа буюу, зургадугаар сарын 5-нд М.Болорцэцэг, Фил Карри, Ц.Хишигжав нарын эрдэмтэд уулзаж, зөвлөлдөв.
Фил Карригаар ахлуулсан эрдэмтдийн баг Тарбозавр батаарын араг ясыг Монголынх гэдгийг батлахын тулд хэдэн хоног нарийвчлан шинжилж, хэсэг хэсгээр нь сайтар судлан үзжээ. Улмаар ясны өнгө болон бусад шинж нь таарч, уг үлэг гүрвэл гарцаагүй Монголынх болохыг хөдлөшгүй баримтуудаар нотолж чадав. Энэхүү хэрэг явдал даамжирсаар Э.Прокопийн мэдлээс хэтэрч АНУ-ын нэр хүнд олон улсын тавцанд сэвтэж эхлэв. Зургадугаар сарын 22-нд үлэг гүрвэлийн ясыг Күйнс рүү хураан татлаа. М.Болорцэцэг, Р.Пэйнтер нарын санаа бага зэрэг амрав. АНУ болон Монголын эрдэмтэд, хууль сахиулагчдын ачаар ойрын хэдэн жил гараагүй үлэг гүрвэлийн ястай холбоотой томоохон гэмт хэргийн нууц ажиллагаа олны өмнө ил боллоо. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү хэргийн тухай мэдээ хэсэгтээ л хөвөрсөн. Гэвч үлэг гүрвэлийн ясыг Монголынх гэдгийг баталсаар байхад ч Э.Прокопи хэргээ хүлээхгүй, гүрийж байлаа. Тэр Нью-Йоркийн хуульч Майкл Маккалоу, Вашингтоны хуульч Питер Томпа нарыг өмгөөлөгчөөр хөлсөлж, Монголын Засгийн газрын эсрэг дахин шүүхдэхээр болсон байна. Учир нь Э.Прокопийн өмнө хоёр л сонголт байсан нь нэг нь хэргээ хүлээх, нөгөө нь эцсээ хүртэл мэлзэх. Тэр хоёр дахийг нь сонголоо.
Гуравдугаар хэсэг
Эрик Прокопи шүүхийн өмнө өөрийгөө буруугүй гэдгийг нотлох янз янзын арга хэрэглэж байлаа. “Би гэр бүлээ тэжээх гэж хичээж буй жирийн л нэг хүн. Тэрнээс биш олон улсыг хэрсэн ясны хулгайчдын нэг биш” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв. Мөн “Хэрэв энэ нь хууль бус бол яалаа гэж онлайнаар, олон хүний өмнө ил худалдах билээ дээ? Энэ худалдааг цуцалсан нь миний гэр бүлийг санхүүгийн дарамтад оруулж байна.
Үүний цаана олон хүний ажлын байр болон миний эхнэр, хоёр хүүхэд минь бий” гэж хүртэл ярьсан байна.Гэвч тэр үлэг гүрвэлийн ясыг яаж олж авсан, үүнийг АНУ руу авчрахаас өмнө Англид хэрхэн хүргэсэн тухайгаа нэг ч үг ганхийгээгүй юм.
Миний бие томилолт өвөртлөөд, наймдугаар сарын нэгэн лхагва гаригт Гейнсвиллийн Серенола хэмээх эдлэнг зорив. 1935 онд барьсан энэхүү тансаг байшинд Эрик Прокопи эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өндөр биетэй, хар үстэй, гүн бор арьстай, усанд сэлдэг байсныг нь гэрчлэх өргөн мөртэй, поло цамц, богино өмд өмссөн сандал жийсэн эр намайг угтлаа. Тэр надтай уулзахаас татгалзаагүй ч эхэндээ нэг их юм ярьсангүй. Түүний таван настай хүү нь гартаа хэд хэдэн үлэг гүрвэлийн хэлбэртэй тоглоом бариад, нааш цааш гүйнэ. Тэр надад гартаа барьсан үлэг гүрвэлийн тоглоомнуудыг алдалгүй нэрлэсэн бөгөөд өөрийгөө “бяцхан судлаач” гэж танилцуулсан юм.
Намайг тэдний гэрт ирэхээс гурван долоо хоногийн өмнө Э.Прокопи шүүхээс зарлан дуудах хуудас хүлээж авсан байлаа. Хэрэв тэр шүүх хуралд ялбал Тарбозавр батаарын хууль ёсны эзэмшигч болно. Эс бөгөөс бүхнээ алдана. Энэ хэцүү сонголт түүнийг шаналгаж байх зуур палеонтологийн салбарт ойр байдаг хүмүүс хоорондоо энэ тухай хачирхан ярилцацгааж байсан юм. Тэд бүгд л “Эрик яаж эднийг Монголын хилээр гаргаж чадав аа” гэсэн асуултыг тавьж, өөр өөрийн хариултыг өгцг өөж байв. Зарим палентологичийн таамаглаж буйгаар Эрик эднийг нүүрс тээвэрлэсэн машинд нууцаар авч гарсан байх магадлалтай аж. Гэвч Э.Прокопи үүнийг няцаалаа. Харин надад үнэн хариуг хэлсэнгүй. Өмгөөлөгч нь түүнд ийн зөвлөсөн байлаа.
Э.Прокопийг Монголд очиж, Тарбозавр батаар болон бусад үлэг гүрвэлийн ясны малтлагад оролцсон гэх ямар ч нотолгоо байдаггүй. Тэр яг л шүүх дээр анх хэлж байсан шигээ “Би Монголд нэг ч удаа очоогүй” гэж надад хэлсэн. “Бид бүрэн биш хэсгүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс худалдаж авдаг. Дараа нь цэвэрлэж, эвлүүлж байж дуудлага худалдаанд оруулдаг. Энэ нь их мөнгөтэй холбоотой, бас их ажиллагаатай бизнес. Үлэг гүрвэлийн яс бол маш сайн наймаа. Үүнийг хэдэн доллараар ч худалдаж авсан, жинхэнэ үнэ цэнээсээ ямагт дор байх болно. Учир нь үлэг гүрвэлийн яс бол яг л Мона Лизагийн хөрөг зураг шиг өдөр, хоног улирах тусам үнэ цэн нь нэмэгдэж байдаг эд” гэж Эрик Прокопи надад ярилаа. Эхнэр Аманда нь удтал дуугүй суусны эцэст бидний ярианд оролцов. Нөхрийг нь хууль бус наймаанд сэрдэж байгаад тэр гомдолтой байгаа хүний нэг. “Та байшин худалдаж аваад, түүнийгээ маш их мөнгөөр тордож засчээ гэж бодъё. Гэтэл хуучин байшинг цэмцийтэл нь зассаны дараа хаанаас ч юм Засгийн газар гарч ирээд таны байшинг хурааж авна гэвэл яах вэ? Үүнтэй л ижилхэн” хэмээн шулуухан хэлэв.
Энэ хэргийн бас нэг хохирогч, бас нэг хамсаатан бол “Heritage Auctions” компани болоод байгаа. Уг компанийг хэдэн ангууч 1976 онд Далласт байгуулсан байна. Анх чулуужсан ясны дуудлага худалдаа зохион байгуулах зорилгоор байгуулагдсан ч хожим комик, кино, постер, үнэт эдлэл, ном, дарс болон бусад бизнест хөл тавьжээ. Өнгөрсөн жил л гэхэд тус компани 800 сая ам.долларын борлуулалт хийсэн байна. Өдгөө байгалийн түүхийн олдворууд бизнесийнх нь өчүүхэн хэсгийг л эзэлж байгаа тухай тус компанийн ерөнхийлөгч Грег Рохан надад хэлэв.
Би Роханаас яагаад “Heritage Auctions” компани Тарбозавр батаарын дуудлага худалдааг зохион байгуулахад оролцсон юм бэ гэж асуухад тэр “Эрик Прокопи маш “цэвэрхэн” байсан. Өмнө нь хууль бус наймаа хийсэн гэх хар толбо байхгүй, бас түүний бичиг баримт, мэдээллүүд албан ёсны зөвшөөрөлтэй гэж тэр бидэнд итгүүлсэн. Түүнд эргэлзэх боломжийг тэр бидэнд олгоогүй. Гэвч одоо үүнээс үүдэж бид их хэмжээний татвар төлөхөөр болчихоод байна” гэлээ. Мөн “Чулуужсан яс бол дуудлага худалдаагаар зарах хамгийн төгс бараа. Учир нь үүнийг хүн өдөр болгон дэлгүүрийн лангуун дээрээс харахгүй шүү дээ” гэв. Үлэг гүрвэлийн яс музейд очих хүртлээ дуудлага худалдааны зах зээлд хэсэгтээ л эргэлддэг гэнэ. Учир нь хүмүүсийн гэрт үлэг гүрвэлийн араг ясыг багтаачих зай байхгүй.
Тэгвэл Тарбозавр батаар үлэг гүрвэлийн ясыг хэн, ямар зорилгоор худалдаж авав аа?
Ж.Тэгшжаргал
Үргэлжлэл бий