Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн есдүгээр сард буцах хаяггүй, заналхийлсэн захидал хүлээн авсан нь тухайн үед дуулиан болсон. Уг захидлыг хэн, ямар учраас бичив гэдгийг цагдаагийн байгууллага багагүй хугацаанд шалгасны эцэст ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа бичсэнийг тогтоосон юм. Тэрбээр УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан нэгэн. Түүнд УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Төв шуудангийн хайрцагт уг захидлыг хийж буй бичлэгийг нотлох баримт болгон хавтаст хэрэгт хавсаргасан гэнэ.
Тэрбээр Баянзүрх дүүргийн иргэн Жамц гэх нэрээр “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гарт нь” гэж хаяглан захидал бичсэн бөгөөд компьютерээр бичсэн захидалдаа “… Тэд чамайг хамгаалж чадахгүй, тэднийг тэнэгтэж байх хооронд, яах ч учраа олохгүй мангартах үед бид урьтана. Тэгэхдээ ярьснаараа чиний амьдралыг эхлээд там болгоно… хүнд итгэдэггүй, хүний нүүр рүү эгцэлж хардаггүй, бэлтрэг шиг амьтан ш дээ. Бидэнд их мэдээлэл байна аа. Намнана аа, машинтай явж байгаад л аваар…” гэх мэтээр сүрдүүлсэн байсан юм. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа саяхан дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Хэргийн хохирогчоор Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тогтоожээ. Н.Нарантуяаг Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлд заасан зандалчлах гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан аж.