Дорнод аймгийн прокурор Б.Очбадар болон тус аймгийн эрх бүхий албан тушаалтнууд БНХАУ руу зорчихдоо нэлээд олон чоно цаасан хайрцагт хийж хилээр гаргах гэж байсан талаар зарим хэвлэлд мэдээлжээ. Түүгээр ч зогсохгүй Б.Очбадарыг иргэдтэй зодоон хийсэн хэмээн дурджээ.
Харин орон нутгийн эх сурвалжууд “Аймгийн прокурорыг чадах гэсэн, ажлыг нь өөр хүнд өгөх гэсэн хүмүүсийн явуулга юм шиг байна лээ” гэсэн юм. Энэ талаар Дорнод аймгийн прокурор Б.Очбадартай холбогдоход “Тийм мэдээлэл сонинд гарсан байна гэсэн. Би олж үзээгүй л байна. Гүтгэлгийн чанартай уг мэдээллийг холбогдох байгууллагууд нь шалгаж тогтоох байлгүй. Үнэн мөн нь олдох биз дээ” гэлээ.
Уг асуудлыг Улсын ерөнхий прокурорын газрын ажилтнуудаас лавлахад “Хэвлэлд гарсан мэдээллийг шалгадаг журмын дагуу шалгах үүргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныханд өгсөн” гэв.
Г.ЦОЛМОН