Мөнгө угаасан хэргээр шалгуулж буй МИАТ компанийн удирдлагуудтай холбоотой дуулианд шинэ мэдээлэл нэмэгдэх бүрт төрийн мэдлийн агаарын ганц тээвэрлэгч компанийг “саалийн үнээ” болгон сааж, хэтэвчээ зузаалсан албан тушаалтнуудын тоо нэмэгдэх төлөвтэй. Захирлуудын хэргийн хүрээ өргөжиж, ТӨХ-ны удирдлагууд, Үндсэн хуулийн цэц, УИХ-ын гишүүд, тэр ч бүү хэл салбар хариуцсан сайд нарын нэр хүртэл холбогдож эхлэв. Дуулиан эрчтэй өрнөж буй нь МИАТ компанийн хувьчлал хаяанд ирсний дохио гэж тайлбарлах хүн цөөнгүй байна. Шинэчлэлийн Засгийн газар 2012- 2016 онд МИАТ ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэнийг нь хувьчилна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс тус компанийн хувьчлалд санаархагч улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд энэ дуулианд ил далдаас хүч нэмж, “би, чи”-дээ тулж эхлэв. Үүнээс үзвэл Монголыг гурав дахь хөрштэй холбодог стратегийн чухал салбар болох агаарын тээврийн зах зээлийг гартаа оруулах гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хөзрөө хайр найргүй шидэлж, хэнийг ч болов хөлдөө чирэхээр улайрч байна уу гэлтэй.
Ашиг сонирхлын бүлэглэлүүд дуулианы эрчийг өдрөөс өдөрт чангалж, эцэст нь МИАТ гэдэг аймаар газрыг шалавхан хувьчлахгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтээр төрийн мэдлийн агаарын тээвэрлэгч компанийн хувь заяаг эргүүлэхээр яарч буй бололтой. Хэрвээ МИАТ-ын хувьчлалын чимээ ойртоогүй бол ТӨХ-ны дарга асан Д.Сугар, МИАТ-ын экс захирал Ц.Эрдэнэбилэг, дэд захирал Ч.Хоролсүрэн зэрэг хүний өдүүлсэн хэрэг хэнд ч сонин биш байх байв. Хувьчлалыг хүлээж, сиймхий гарвал хувийн болгоод авахыг санаархагч бүлэглэлүүд тус компанийн удирдлагад өөрийн хүнээ томилж, МИАТ-ыг саасан эдийн засгийн өмнөх гэмт хэргүүд замхарч байсан шиг өнөөдрийн дуулианы эзэд цагаадах ч юм бил үү. Энэ сэнтийд заларсан МИАТ-ын өмнөх захирлууд ийм хэргийг их, бага хэмжээгээр үйлдэж, тус компанийг мэрсэн “мафийн гишүүд” Шинэчлэлийн Засгийн газарт ч мэр сэр байгаа гэх. Тэдний нэг нь саяхан Төрийн албаны зөвлөлийн даргаар хэл амтай томилогдсон Б.Цогоо.
Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн хэмээн нэрлэгддэг тэрбээр 2005 онд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн хөлгөөр хөнгөл өлттэй зорчих зөвшөөрөл олгох журмыг зөрчиж, танил тал, ойр дотнын 476 хүнд 50- 100 хувийн хөнгөлөлттэй тийз олгож, тухайн үеийн ханшаар компанид орж ирэх ёстой 226 сая төгрөгийг салхинд хийсгэсэн гэдэг. Түүнчлэн 2005 онд ажилчдын орон сууцанд 300 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснийг 596 сая болгон өсгөж, компанийн ТУЗ-ийн шийдвэргүйгээр “Тайж трейд” компаниас зургаан орон сууцыг 134.3 сая, “Пума” компаниас 15 орон сууцыг 323.4 сая, “Гангар инвест” компаниас 14 орон сууцыг 896.9 сая төгрөгөөр сонгон шалгаруулалтгүй авч тараасан баримт бий. МИАТ-ын дуулиан захирал асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, экс Ерөнхийлөгчийн багийнхнаар зогсохгүй УИХ-ын гишүүд, яамны сайд, Төрийн албаны зөвлөлийн даргаар хүрээгээ тэлж болзошгүй.
Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үед буюу 2009 онд МИАТ-ын Техникийн газрын ажилчид “Аэробус 310” агаарын хөлгийн далавч, хошууг гэмтээж, жагсаалаас гаргасан. Үүнээс хоёр жилийн дараа салбарын сайд МИАТ компанитай ихэрлэж төрсөн “Монголиан Эйрлайнз групп”- ийн хувьцааг эзэмшигч компанийнхан өндөр үнэтэй “Аэробус 310” агаарын хөлөгтэй болж, өнд өр өртөгөөр бэлтгэсэн “А-310” онгоцны багийг компанидаа урвуулсан байдаг. Түүнчлэн сайдын нөлөөгөөр “Монголиан Эйрланз” группийн “А-310” агаарын хөлөг МИАТ-ын гадаад нислэгийг булаацалдах болсон билээ. Юутай ч МИАТ компанийн хувьчлалыг дохиолсон шуугианыг одоогийн Төрийн өмчийн хороо дэвэргэж буй гэсэн мэдээлэл хэвлэлийнхний дунд байна. Тус компанийн хувьчлал 2009 оноос хойш эрчтэй яригдсан. Санаачлагч нь салбарын яам байв. Тодруулбал, тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга тус компанийг хувьчлахыг идэвхтэй санаачилж, 2010 он гэхэд салбарын яам, ТӨХ хоёр МИАТ-ын салбар нэгжүүдийг бага багаар аж ахуйн тооцоонд гаргах ажлыг цаасан дээр төлөвлөж эхлээд байсан юм.
МИАТ-ын удирдлагыг жилд нэг удаа сольчихдог эрх мэдэлтн үүдэд хувьчлалын өмнөх төлөвлөгөө чухал болохоос компанийн хөгжил сонин биш байсан гэхэд болно. МИАТ-ын удирдлагыг ийнхүү тогтворгүй байлгах нь бүлэглэлүүдэд ашигтай байсан төдийгүй удирдлагын нэг ч багт бизнес төлөвл өгөөгөө хэрэгжүүлэх боломж олдоогүй байдаг. Энэ нь МИАТ-ын санхүүд хүндээр тусаж, хувьчлалын чимээ хүлээгээд сууж буй сонирхлын бүлэглэлийнхны хөх инээдийг хүргэж байсан гэхэд болно. Тэд ийнхүү дураараа авирлахын зэрэгцээ иргэний агаарын тээврийн өрс өлдөөнийг мөнгө хүүлэх хялбар зам хэмээн харсан бололтой. Үндэсний аюулгүй байдал, стратегийн чухал ач холбогдолтой, хүний амь нас, аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлага хүлээдэг агаарын тээврийн зах зээл рүү шунасан талуудын эрээгээ алдсан өрсөлдөөнд төр болгоомжтой хандахгүй бол одоо үүссэнээс ч илүү эрсдэл хүлээж мэдэхийг анхаарах биз ээ.
Д.ОТГОО