МИАТ-ыг тойрсон дуулиан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдогчдын тоо нэмэгдэж, өндөр алба хашиж байсан хүмүүсээр хүрээгээ тэлсээр байна. МИАТ-ын хөрөнгийг луйвардсан гэх хэрэг тус компанийн хувьчлалыг шуурхайлуулж, үнэгүйдүүлж авах гэсэн зорилготой байсныг үгүйсгэхгүй хэмээн нисэхийн мэргэжилтнүүд үзэж буй юм билээ.
Олон нийтийн цахим сүлжээ болон “жиргээч”-дийн цахим хуудаст энэ хэргийн талаар хүмүүс үзэл бодлоо янз бүрээр илэрхийлж буй бөгөөд хувьчлалыг түргэвчлэхийн тулд энэ хэргийг зохион байгуулалттайгаар дэлгэж байна хэмээн үзэх хүн олон байв. Уг нь МИАТ-ыг хөгжүүлэх Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тус компанийг үндэсний тээвэрлэгчийн статустай болгож, 51 хувийг төрийн мэдэлд байлгахаар тусгасан юм билээ. 49 хувийг компаниуд гартаа оруулахын тулд булхайг нь дэлгэж, үнэгүйдүүлэх замаар ажиллаж буй гэх мэдээлэл ч байна.
УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн уржигдар МИАТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэгийг цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг Канадаас ирсэн даруйд нь саатуулсан юм. “Тэрбээр баривчлагдах гэж буйгаа мэдэж байсан бололтой, дулаан хувцаслаж ирсэн” гэж эх сурвалж мэдээллээ. Б.Эрдэнэбилэгийг онгоцноос буунгуут ар гэрийнхэн нь тосон, хоол унд өгч, улмаар гар утаснуудыг нь авч үлдсэн байна. МИАТ-ын хуучин захирлуудын хууль бус үйлдэлтэй холбогдуулж есөн хүнийг цагдан хориод байгаа бол хэд хэдэн хүнийг гадуур шалгаж буй гэнэ. Харин Интерполоор дамжуулж олон улсад эрэн сурвалжилсан хүн байхгүй гэдгийг УМБГ, ЭЦГ-ын эх сурвалжууд хэллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийнхан амралтгүй шахам ажиллаж, “Монголиан эйрлайнз групп”, “Монголиан эйр транс” болон өөр хэд хэдэн компанийн санхүүгийн баримтуудыг хураан авч, битүүмжилсэн байна. Эдгээр компанийн сэжигтэй гүйлгээнүүдийг нарийвчлан шалгахаар болж буй бөгөөд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хадгаламж” зэрэг банкаар дамжсан гүйлгээнүүд, дээрх банкуудад нээсэн сэжигтнүүдийн харилцах болон хадгаламжийн данснуудыг шалгаж эхлээд буй гэсэн. Шалгалтын явцад Б.Эрдэнэбилэг ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нар хоорондоо хийсэн хэд хэдэн сэжигтэй гүйлгээ байсныг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн гэнэ. Д.Сугар “Энэ хэрэгт намайг одоогоор шалгаагүй, шалгавал ажлын хариуцлага алдсан гэж л шалгах байх” гэж хэвлэлд ярилцлага өгөөд байгаа. Харин түүнийг яллагдагчаар татах хэд хэдэн үндэслэлийг цагдаа, прокурорын байгууллагаас тогтоогоод буй гэнэ. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Цэц болон УИХ-д оруулахаар Улсын ерөнхий прокурорт хандаж буй сурагтай.
Хэрэв УИХ, ҮХЦ-ээс Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал МИАТ-ын хөрөнгөөс луйвардсан албан тушаалтнуудын хэрэгт холбогдон саатуулагдсан хүний тоо 10-д хүрэх гэнэ. Д.Сугарыг МИАТ-ын хөрөнгөнөөс завшихад оролцсон гэх зарим нэг баримтыг эх сурвалж хэлсэн юм. Тухайлбал, Б.Эрдэнэбилэг МИАТ-ын гүйцэтгэх захирал байхдаа тушаал гаргаж, Японд суугаа МИАТ-ын төлөөлөгчийн газрын зөвлөх гэх албан тушаалыг ТУЗ-ийн дарга Д.Сугарт зориулан гаргаж, цалин хэмээн сард нэг сая гаруй төгрөг шилжүүлж байсан аж. Түүнээс гадна түүний түр оршин суух байрны түрээсийн төлбөрт багагүй хэмжээний мөнгө шилжүүлж байсан баримт ч байгаа гэнэ. Түүнээс гадна Б.Эрдэнэбилэг дүү Б.Мандахбаярынхаа “Монгол керамик” компанийн дансаар дамжуулж, Японы үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгэн компанийн данс руу ихээхэн хэмжээний мөнгө гуйвуулсан баримтыг цагдаагийн байгууллагынхан гартаа оруулаад буй гэнэ. Түүгээр нь Д.Сугар Японд далайн эрэгт томоохон хаус худалдаж авсан гэх мэдээлэл буй аж.
Г.РАВЖАА