Төрийн өмчийг хэрхэн үнэгүйдүүлж, бохир аргаар хувьчилж авч болдгийг МИАТ компанийн захирал, эрх мэдэлтнүүд бодитоор харуулав. Азгүйтэж баригдсан нь тэд болохоос нүдээ бүлтийлгээд, шогшроод байхаар шинэ юм ч биш л дээ. Ийм луйвар Монголоор дүүрэн бий. Төрийн өмчит МИАТ ХК-ийн өмчийг үрэн таран хийж, сааль нь дундардаггүй энэ фермийг саах ажиллагаа саяхнаас бус нэлээд дээрээс эхэлсэн талаар тус компанийн ажилтнууд шивэр авир хийж сууна. Ийм луйвар 2000 оноос эрчимжиж эхэлсэн гэх. Баримт сөхье.'
Баримт 1. Тус компанийн билетийн касс байрлаж байсан байрыг захирал асан Г.Нямдаваа хувь хүнд зарсан байсныг ажилтнууд нь тээр хойно мэдсэн гэдэг. Хачирхалтай нь зарсан байраа буцаагаад МИАТ-д өндөр үнээр түрээслэн, дундаас нь ашиг унагасан шигээ сууж байсан нь илэрсэн ч хав дараад өнгөрсөн аж. МИАТ компанийн эд хөрөнгө рүү гараа дүрж болдгийн жишээг харуулсан энэ үйлдлээс хойш хөрөнгө шамшигдуулах нь ихэсчээ.
Баримт 2. Орон нутагт нисэж байсан, ашиглалтын хугацаа нь дуусаагүй АН-24, АН-26, олон улсад үйлчилж байсан БОИНГ-727-г их засвар хийлгэх, актлах замаар гадаадад зарсан нь томоохон луйвар гэж хамт олон нь ярьдаг юм билээ. АН-24, АН-26 онгоцуудыг жийпний үнээр өгсөн тухай яриа бий. Харин дарга нар нь эндээс багагүй ашиг олсон гэх юм. Украины нэгэн компаниар зуучлуулан зарсан, нисэх хугацаа нь дууссан гэх эдгээр онгоц одоо болтол ӨАБНУ-д ниссээр байгаа гэнэ. Даржин эдийн засагтай, шинийг авчих чадалгүй хэрнээ цамаан загнаж зарсан БОИНГ-727 онгоцыг Арабын нэг улс худалдан авч өнөө хүртэл ашигласаар байгаа гэх юм. Эндээс мөн л багагүй ашиг олсон гэж ярьдаг. Төрийн өмчийг гадагш нь зарсан бол мөнгийг нь төрд оруулж, үгүй ядаж л татвар төлсөн байх учиртай. Гэсэн ч сохор зоос ч хялайлгаагүй аж.
Баримт 3. МИАТ-ын хуучин төв буудлын баруун талд нэг л өдөр газар ухаж, байшингийн суурь тавиад эхэлжээ. Энэ газар нь тус компанийн эзэмшил тул санхүүгийнхэн нь учрыг лавлавал ТӨХ-ны эрх бүхий нэгэн “Бид мэдэж байна, дуугүй байж бай, зөвшөөрөл нь маргаашнаас очно” гэжээ. Тэр эрхмийн хэлсэн ёсоор удалгүй ТӨХ-ны зөшөөрөлтэй бичиг ирсэн байна. Энэ газрыг ТӨХ-ны дарга асан Д.Сугар, МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Коммер эрхэлсэн дэд захирал асан Ч.Хоролсүрэн нар хуйвалдан, дур мэдэн шилжүүлж авчээ. Энэ газар дээр барьж буй барилга мөн л тэднийх. Нислэгийн аюулгүй байдлын үүднээс нисэх буудлын дэргэд хоёр давхраас дээш барилга барих учиргүй. Гэтэл тэд гурван давхар байшин сүндэрлүүлж байна.
Баримт 4. МИАТ компанийн зорчигчдын хоолыг бэлддэг Катерингийг түрээсийн ямар ч төлбөргүйгээр хувийн компанид ашиглуулж, өндөр үнэтэй, чанар муутай хоол хийлгэж байгааг ажилтнууд нь төдийгүй зорчигчид шүүмжилдэг.
Баримт 5. Хүний нөөцийн бодлого алдагдсан, мэргэжлийн хүн бараг байхгүй. Шахааны гэх хүмүүс өндөр цалин аваад сууж байдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд тус компанийн захирлаар томилогдоод удаагүй байгаа Г.Жаргалсайхан гэхэд төрийн өмчийн компанидаа хүүхдээ, дүүгээ, дүүгийнхээ хүүхдийг, дүүгийнхээ хүүхдийн эхнэрийг, хүргэнээ өндөр цалинтай ажил, албан тушаалд аваад байна. МИАТ компанийн төлөөлөгч гэдэг зөвхөн тэр компанийн гэхээсээ Монгол Улсын нүүр царай болдог. Гэтэл Г.Жаргалсайхан захирал нисэхийн наад захын мэдлэггүй хүргэнээ МИАТ компанийн Москвад суух төлөөлөгчөөр томилжээ. МИАТ-ын төлөөлөгч олон улсын иргэний агаарын тээврийн өндөр мэргэжлийн хүмүүстэй харилцдаг. Тэд манай төлөөлөгчөөр дамжуулан иргэний агаарын тээвэртэй холбоотой гэрээ, хэлэлцээр, бодлого, зохицуулалт ярина. Энэ талаар ямар ч мэдлэггүй тэр залуу юу болох бол. Тав, зургаахан чиглэлд нислэг хийдэг энэ компанийн санхүү, эдийн засгийн хэлтэст 50 гаруй нягтлан, менежер байдаг. Тэдний олонх нь дарга, захирлуудын шахааны хүмүүс. Бусад хүмүүсийг хянах, дэл сул юм “цохиход” зохицуулах үүрэгтэй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй.
Баримт 6. Иргэний агаарын тээврийн хязгаарлагдмал зах зээлтэй хэрнээ ачааллаасаа хэтэрсэн хэмжээний онгоц авсан нь мөн л дарга, захирлуудын мөнгө унагах хэрэгсэл болсон. 180 зорчигчийн багтаамжтай БОИНГ-727 онгоцоор Бээжин рүү нислэг хийхэд ашигтай ажиллаж байжээ. Гэтэл түүнээс хоёр дахин их багтаамжтай, овор хэмжээ том, тэр хэрээр шатахуун их зарцуулдаг БОИНГ-767 онгоц авсан нь их хэмжээний алдагдал хүлээхэд хүрчээ. ТӨХ-ноос ийм нэг онгоц авахыг зөвшөөрсөн юм билээ. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон, Коммер эрхэлсэн дэд захирал Ч.Хоролсүрэн нар гэрээ хийхдээ дээрх онгоцноос дур мэдэн хоёрыг авчээ. Ингэхдээ ЗТБХБЯ-ны газрын дарга Б.Махбалтай хуйвалдсан гэнэ. Түүнийг Америк дагуулан явж, гэрээ хийхэд байлцуулжээ. Америкаас ирснийхээ бараг маргааш нь Б.Махбал “Ланд круйзер-200” маркийн цоо шинэ машин авч унан, удалгүй ажлаасаа гарчээ. Энэ машиныг гэрээ хийсний шагналын нэг хэсэг нь гэж ярьдаг юм билээ.
Баримт 7. МИАТ компанийн нийт зардлын 35 орчим хувийг түлшний үнэ эзэлдэг. Тус компанийн захирал Г.Жаргалсайхан Ц.Орхоны орлогч байхдаа шатахуун авах гэрээт хугацаа дуусаагүй байхад нэмсэн үнээр төлбөр хийхийг ерөнхий нягтлангаасаа шаардаж, тушаал биелүүлээгүй хэмээн халж, солихдоо тулж байсан гэх. Тус компанийн ажилтнуудын дунд яваа яриагаар шатахууны үнийн зөрүүгээс унагасан мөнгөөрөө тэрбээр “Japan taun”-д орон сууц худалдаж авсан бололтой.
Баримт 8. Японд суух МИАТ компанийн төлөөлөгчөөр 2011 оны долдугаар ард Г.Жаргалсайханыг томилжээ. Тэрбээр Токио руу эхнэр, хүүхдээ явуулж, компанийн байранд төвхнүүлжээ. Гэсэн ч томилогдсон ажилдаа очилгүй хагас жил шахам болсон аж. Эхнэр, хүүхэд нь компанийн байранд үнэгүй сууж, тэр сард 5000 ам.долларын цалингаа авсаар ирсэн байх юм. Түүний овсгоо үүгээр дуусахгүй, МИАТын орлогч захирлын цалин дээрээ нислэгт гарсны мөнгө болох сарын 10 сая төгрөг халаасалсаар ирсэн байна.
Баримт 9. Г.Жаргалсайхан нисгэгч, үйлчлэгч нарын дү рэмт хувцсыг ХБНГУ-д хийлгэнэ хэмээн компаниасаа 70 мянган ам. долларыг хувь хүний данс руу шилжүүлүүлсэн байна. Яагаад хувь хүний данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж байгааг санхүүгийнхэн нь асуусан ч тэрбээр албан тушаалаараа далайлган амыг нь хаажээ. Ажилтнуудынх нь олж мэдсэнээр тэрбээр дүрэмт хувцсыг “Ханбүргэдэй” дэлгүүрийн Герман дахь төлөөлөгч залуугаар зуучлуулан Чехэд оёулжээ. Унагасан мөнгөөрөө төлөөлөгч залуу, бас нэг эмэгтэйн хамт Лондонд амарсан гэх юм билээ.