Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудын ээлжит бус их хурал саяхан болсон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “СӨХны Дээд зөвлөлийг татан буулгана” гэж мэдэгдсэнээр тус зөвлөлөөс ийм хурал яаравчлан зарлажээ. Олон нийтийн дунд унасан нэр хүндээ хэрхэн сэргээх, Дээд зөвлөл байх ёстой эсэхийг уг хурлаар хэлэлцээд СӨХ дээд байгууллагатай байх шаардлагатай гэж үзсэн байна. СӨХ-ны Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайханыг ажлаас нь чөлөөлжээ. Мөн зөвлөлийн бусад гишүүдийг ч сольсон аж. Одоо манай улсад 613 СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Түүний 497 нь уг зөвлөлийн гишүүн. Үүний 387 нь нийслэлд, 110 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Нэг СӨХ жилд дунджаар 100 мянган төгрөгийг Дээд зөвлөлдөө татвар болгон төлдөг аж. Өнгөрсөн дөрвөн жилд ийм маягаар 207.2 сая төгрөг төвлөрүүлсэн тухайгаа тус зөвлөл гишүүддээ танилцуулсан гэнэ. Үүнээс гадна Дээд зөвлөл нэг СӨХноос 50-100 мянган төгрөгийн төлбөр авч, санхүүгийн шалгалт хийж өгдөг байжээ. Сүүлийн гурван жилд 539 СӨХ-нд ийм шалгалт хийсэн байх юм. Үүнийгээ “Аудитын байгууллагаар шалгуулсан бол 450 мянган төгрөг төлнө. Бид хямдхан шалгаж байна” гэж Дээд зөвлөлийнхөн тайлбарладаг байсан аж.
Х.БАЯСАЛМАА