МИАТ хувьцаат компанийн захирал асан Ц.Орхон эхнэрийн хамт, дэд захирал Р.Бат-Эрдэнэ, “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал Ч.Хоролсүрэн тэргүүтэй долоон хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс сэжигтнээр тооцон цагдан хориод байгаа.
Тэд Дайны эрсдэлийн даатгал хэмээн зорчигчдын тийзийн үнэ дээр нэмж таван ам.доллар авч, улмаар түүнийгээ даатгагч компанийн дансанд бус, өөрсдийнхөө байгуулсан “West wealth Al group” гэх компанийн данс руу шилжүүлж байсан аж. Тэдний учруулсан хохирлын хэмжээ одоогоор 6.9 сая ам.долларт хүрээд байгаа талаар хуулийн байгууллагын нэгэн эх сурвалж мэдээлэв. Өдгөө нарийвчилсан шалгалт хийж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг эх сурвалжууд хэлж буй юм. Энэ хэргийн учиг МИАТ ХК-ийн коммер хариуцсан дэд захирлаар 2005- 2010 онд ажиллаж байсан Ч.Хоролсүрэнтэй холбоотой аж.
Уг хэрэгт МАК компанийнхан холбоотой талаар зарим хэвлэлд дурдсан. Харин учир мэдэх хүмүүс тус компанийнхан их хэмжээний хөрөнгөө тэдэнд залилуулсан байж болзошгүй хэмээн таамаглаж буй юм билээ. Иргэний агаарын тээврийн компани байгуулахаар төлөвлөж байсан МАК-ынханд нэг өдрийн дотор хамаг зөвшөөрлийг нь МИАТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд гаргаж өгсөн аж. Үүнд нь урамшсан хөрөнгө оруулагч тал 40 сая ам.долларын хөрөнгө гаргаж, онгоц авсан гэнэ. Уг хэрэгт холбогдсон хүний тоо өдөр ирэх бүр нэмэгдэж буй аж. Өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр зургаан хүнийг цагдан хорьсон бол өчигдөр, уржигдар нэмж хүмүүсийг саатуулсан, зайлшгүй шалгах албан тушаалтнууд ч байгаа гэнэ.
Тодруулбал, МИАТ-ийн захирал асан Ц.Орхон, эхнэр Ү.Цэцэгмаа, дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, нэгэн компанийн захирал С.Батхишиг нарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдан хорьсон. Харин уржигдар банк бус санхүүгийн нэгэн байгууллагын захирал Н.Гантөмөрийг саатуулжээ. Тэрбээр тэдний угаасан мөнгийг дамжуулан гүйлгээнд оруулж байсан гэх хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа аж. Харин өчигдөр 19.00 цагийн үед эх сурвалжаас авсан мэдээллээр Б.Мандахбаяр гэх залууг хорьсон гэнэ. Тэрбээр МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү нь юм байна.
ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл буй ч прокурорын байгууллагын эх сурвалж “Түүнийг энэ хэрэгт холбогдуулж шалгаагүй, түүнтэй холбоотой ямар нэг үйлдэл тогтоогдоогүй, цаашид хэрхэхийг мэдэхгүй” хэмээв. Харин улс төрийн хүрээнийхэн энэ хэрэг АН-ынхны фракцуудын “зодоон” илэрч байна гэж ярих нь дуулдав. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Ч.Хоролсүрэн нь шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа нэгэн сайдтай сүжирч, түүний ивээлд байдаг гэнэ. Харин хэн гэдэг сайд вэ гэдгийг ихэд нууцалж буй юм.
Г.РАВЖАА