Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Жем интернэшнл” ХХК-ийг зар сурталчилгааны тухай хуулийг удаа дараа зөрчин, энэ сарын 1-нд TV7 телевизээр цацсан “Үлгэрийн хайр” киноны дундуур дөрвөн нэр төрлийн архины сурталчилгааг олон нийтэд түгээж, Монгол Улсын зар сурталчилгааны хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж, тус компанийн үйлдвэрийг өчигдөр лацдав. ШӨХТГын дарга О.Магнай тус компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ энэ сарын 18-нд ҮХААЯ-нд гаргасны дагуу яамнаас архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг нь хоёр сараар түдгэлзүүлэхээр болсон байна. “Жем интернэшнл” компанийнхан “Цацахыг хориглоод байсан уг киног TV7 телевизийн ажилтны буруугаас болж эфирээр нэвтрүүлсэн. Иймд манай компани Баянгол дүүргийн шүүхэд энэ сарын 10-нд иргэний нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад үйл ажиллагаа явуулах эрхийг маань түдгэлзүүлсэнд харамсаж байна” гэв.