Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Сүхбаатарын захирамжаар МӨХ-ны гишүүн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг өчигдөр өглөө албадан саатууллаа. Түүнийг НЦГ-ын харьяа Албадан саатуулах, баривчлах төвд хүргэсэн байна. Тэрбээр долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт холбогдоод байгаа НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажиллах болоод удаагүй байсан юм. Тэрбээр хавтаст хэрэгтэй ч бүрэн танилцаж амжаагүй байхдаа бусад өмгөөлөгчийнхөө хамтаар үйлчлүүлэгчээсээ татгалзжээ.
Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Сүхбаатар түүнийг гуравдугаар сарын 28-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд болох байсан шүүх хурлын үйл ажиллагаанд санаатай саад учруулсан гэсэн үндэслэлээр 14 хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гаргасан байна. Шүүгч Н.Сүхбаатарын энэ захирамж нь тус дүүргийн шүүхэд ажиллаж байхдаа гаргасан сүүлчийн шийдвэр бололтой. Учир нь түүнийг Хэн тий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилохыг Ерөнхийлөгч дэмжсэн юм байна.
Г.РАВЖАА