АН-ынхан өчигдөр 2008 оны долооду гаар сарын 1-ний хэргийн талаар мэдээлэл хийв. Ямар нэг дүгнэлт хийхээсээ илүү тэд өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотой ямар үйл явдал болсон, ямар шийдвэр гарахдаа хэр зэрэг саад барцад туулсан тухай баримтыг сар өдөртэй нь сануулахыг эрмэлзжээ. Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт тус нам сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг юм. Энэ удаа АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, “долоодугаар сарын 1”-ний үеэр хүний эрх зөрчигдсөн эсэхийг хянан шалгах Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин, гишүүн З.Энхболд, тухайн үед Хүний эрхийн дэд хорооны дарга байсан Э.Бат-Үүл нар мэдээлэл хийсэн юм.
Хоёр цаг гаруйн турш цаг, өдөртэй нь ярьсан зүйл нь “Энгийн иргэд, цагдаа нарын асуудлыг тоодоггүй, хэргийг нягтлан шалгалгүй нэг талыг барьж шийддэг атлаа дарга нарыг цээжээрээ хамгаалж байна” гэсэн агуулгатай байлаа. Дээрх үйл явдалтай холбогдуулан ХЭҮК-оос гаргасан дүгнэлтэд “Энэ үед хүний эрх ихээр зөрчигдсөн учир амь насаа алдсан хүмүүсийн ар гэр, хохирогчдоос төр уучлалт гуйх ёстой” гэжээ. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Х.Тэмүүжингээр ахлуулан хүний эрх зөрчигдсөн үү, галт зэвсэг хэрэглэсэн үү гэдгийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Нээлттэй сонсгол хийх үед галт зэвсэг хэрэглэсэн эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас орхисон. Шүүх хүн амины хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн 16 цагдаа, удирдлагыг байцаасан ч удалгүй “Буудсан нь үнэн ч хэн хэнийг буудсаныг тогтоож чадаагүй” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн удирдлагынх нь хэргийг “Албан тушаалдаа хариуцлагагүй хандсан” гэсэн зүйл заалт руу шилжүүлж, улмаар Өршөөлийн хууль хамруулсан байна. Энэ асуудал шийдэгдсэн учир галт зэвсгийн асуудлаар сонсгол хийе гэж оролдоод “дийлээг үй” гэнэ. Одоо уг асуудлаар байцаагдаж буй долоон цагдаа санаатайгаар, бүлэглэж хүний амь хөнөөсөн гээд цаазын ял авахад хүрээд буй аж. 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнд оролцсон 275 залуугийн шүүх хурал нэг жилийн дотор болж, 86.5 хувь нь хорих, 8.9 хувь нь баривчлах ял сонссон байна. Зөвхөн 0.8 хувьд нь л торгуулийн арга хэмжээ авчээ. Ийм төрлийн гэмт хэрэгт шүүх энгийн үед 51 хувьд нь хорих, 49 хувьд нь бусад ял төлөвлөдгийг ХЭҮК-ийн судалгаагаар тогтоосон байдаг аж. Энэ нь шүүх уг хэрэгт хэт нэг талыг баримталж ажилласныг батална хэмээн Х.Тэмүүжин онцлов.
УИХ хохирогчдод нөхөн олговор олгох хууль баталсан. Мөн УИХ хянан шалгах эрхгүй гэсэн учир холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан ч дэмжлэг аваагүй. Дээрээс нь төр энэ явдлын төлөө ард түмнээс уулчлалт гуйх, хохирогчдын нийгмийн асуудлыг шийдэх агуулга бүхий тогтоолын төсөл өргөн барьсан нь ч дэмжигдээгүй гэнэ. Гэх дээ Ерөнхийлөгч Хүндэтгэ лийн чуулганы үеэр ард түмнээс уучлалт гуйсан аж. Тэгвэл одоо цагдаагийн дарга нарыг хорих эсэх асуудал хөндмөгц “УИХ хянан шалгах эрхгүй” гэж байсан Ц.Мөнх-Оргил нарын гишүүн энэ асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулахаар хөөцөлдөж буй гэнэ. Өмнө нь өөрөөр ярьж байсан атлаа гэнэт байр сууриа өөрчилснийг нь АН-ынхан гайхжээ. “Ц.Нямдорж сайд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн. Уг зөвлөл шүүх хараат бус байгаа эсэхийг хянадаг. Гэтэл уг Зөвлөлийн гишүүн нь шүүхэд зааж, үйл ажиллагаанд нь оролцоод ирвэл яах юм. Түүнд яаж хариуцлага тооцохыг УИХ-ын даргаас асууна” хэмээн Х.Тэмүүжин ярив. Мөн гишүүн Э.Бат-Үүл “Ижил хэргийг хоёр өөр нүүрээр шалгаж байна” хэмээн тодорхойллоо.