Чингэлтэй дүүргийн IV хорооны нутагт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн худалдагчийг хутгалж эд зүйлсийг нь дээрэмджээ. Энэ мэдээллийн дагуу бид хуучнаар Хүнсний I дэлгүүрийн замын урд талд байрлах уг дэлгүүрт очиход худалдагч нар нь энэ тухай ярихыг хүссэнгүй. Бидэнд олдсон мэдээллээр өнгөрсөн бямба гаригийн 09.30 цагийн үед дэлгүүрийн худалдагч 28 настай С гэдэг эмэгтэйг гурван хүн гуян тус газар нь хутгалсан аж.
Хохирогч дэлгүүрийнхээ дохиоллыг дөнгөж унтраагаад байхад нь дээрэмчид халдсан гэж мөрдөн байцаагч нар бидэнд тайлбарласан юм. Хохирогчийн цагдаагийнханд мэдүүлснээр гэмт этгээдүүдийн ам зургийг гарган эрэн сурвалжилж буй бөгөөд дээрэмчид 40 орчим насных гэнэ.
Тэд цүнхнээс нь 2.5 сая төгрөг, дэлгүүрээс шармал болон хар мөнгөөр урласан загас, их гарын мөнгөн аяга долоо, эрэгтэй хүний мөнгөн тоногтой ширэн бүс нэгийг дээрэмдэн зугтжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд хамтран шалгаж байна.
Г.РАВЖАА