Манай улсын түүх, соёлын дахин давтагдашгүй бүтээл, археологи, палеонтологийн ховор олдворууд харьд өндөр үнэд хүрдэг, түүнийг үзэж сонирхож байгаа гадныхан өөрийн эрхгүй дуу алддаг гэдэг юм билээ. Тиймдээ ч манайхан улсаа сурталчлахын тулд гадаадад олон үзэсгэлэн гаргадаг. Уг нь нэг талаараа улсаа сурталчлах сайхан зүйл мэт боловч түүх, соёлын дахин давтагдашгүй бүтээлүүдийг харийн оронд аваачин дуурайлган хийгээд жинхэнийг нь тухайн орондоо авч үлдээд, “хулхи”-ийг нь манайх руу явуулж байх вий гэсэн хардлага олон хүнд байдаг. БСШУЯ-наас 2005-2008 онд нийт 14 байгууллага, зургаан иргэнд 67 тусгай зөвшөөрөл олгож түүх, соёлын дурсгалт зүйлийг гадаад оронд гаргажээ. Тэдний нэг нь өдгөө АНУ-д гарч буй үзэсгэлэн. Тус улсын иргэн Дени гэдэг эр БСШУЯ-тай гэрээ байгуулан үзэсгэлэн гаргахаар болж нэлээд тооны үзмэр аваад явжээ. Тэрбээр уг үзэсгэлэнгээр багагүй хэмжээний ашиг олсон аж.
Америк эр БСШУЯ-наас зөвшөөрөл авалгүй авч явсан үзэсгэлэнгээ хууль бусаар өөр оронд гаргаж, ашиг олж байгаа тухай мэдээлэл ч холбогдох хууль хяналтын байгууллагад ирсэн гэнэ. Гэтэл Дени өмнөх гэрээгээ дүгнээгүй, урьд нь авч явсан үзмэрээ авчраагүй атлаа дахин шинээр үзмэр авч явах гэж ирсэн сурагтай. Бидэнд олдсон мэдээллээр 2008 онд АНУ-д Монголын доод цэрдийн үеийн палеонтологийн олдворууд болох хэд хэдэн ясыг үзэсгэлэн нэрээр гаргасан ч эргэж ирээгүй гэнэ, Тухайлбал, динозаврын толгой, чөмөгний дээж 26 ширхэг ясыг буцаж өгөх нөхцөлтэйгээр гаргасан ч өдгөө авчраагүй байгаа бөгөөд энэ асуудалд нь цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэрэгсэхгүй болгосон аж.
МХЕГ-ын хилийн чанадад гарч байгаа үзэсгэлэнгүүдийг хэрхэн хил гаргасан байдалд шалгалт хийсэн аж, Шалгалтын дүнгээс үзэхэд БСШУЯ-наас тусгай зөвшөөрөл олгож хил гаргасан бүтээл, олдворуудын гэрэл зураг бүрэн байдаггүй, эргэж ирж буй байдалд хяналт тавьдаггүй, олон жил болж байгаа үзмэрүүдийг эргүүлэн авчрах, алга болсон үзмэрүүдийг нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй гэнэ. Манай улсаас гадаад оронд үзэсгэлэн болон судалгаа шинжилгээнд явуулах зорилгоор хилээр гаргаж буй түүх, соёлын дурсгалуудыг хилээр нэвтрүүлэхдээ хэрхэн баримтжуулах, хаана, хэн хариуцаж хийх, яаж хүлээлцэх, ямар баримт бичиг үйлдэх, даатгалын асуудлыг хэрхэн шийдэх, тухайн дурсгал алга болсон, гэмтсэн, хуулбарлагдсан тохиолдолд хэн хариуцах, хохирлыг хэрхэн барагдуулах, хэзээ эргэж ирэх, хугацаандаа ирээгүй нөхцөлд яаж асуудлуудыг зохицуулах талаар журам холбогдох байгууллагаас гаргаагүй юм байна. Тиймээс хил давуулсан үзмэр, үзэсгэлэнгүүдийн бүрэн бүтэн байдал алдагдах, өмнөх үзмэрээ авчраагүй атлаа дахин шинээрх гэрээ байгуулах гэж зүтгэж яваа тохиолдол нэг бус удаа гарч байгаа аж.
Гадаадад гарсан үзэсгэлэнгийн бүтээлүүд эргэж ирэхгүй, хуулбарлагдах тохиолдол гарч байгаа учраас манай улс хууль эрх зүйн зохицуулалтаа чангатгах хэрэгтэй байгаа талаар олон хүн хэлж байгаа юм. Уг нь Соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудал яригдаж байгаа, Энэ хуульд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг гадаадад гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж нэмэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хэд хэдэн хүн ярьсан юм.
Г.ЦОЛМОН