Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхэд тус аймгийн Шарга сумын харьяат Ц.Батдэлгэрт холбогдох хэргийг уржигдар хаалттай хэлэлцжээ. Тэрбээр 2008 оны арванхоёрдугаар сарын 16-ны 07.30 цагийн үед тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутагт 17 настай Б гэх охинд хутга тулган сүрдүүлж хүчирхийлсэн, 2009 оны нэгдүгээр сарын 28- 29-нд шилжих шөнө мөн сумын Жаргалант багийн нутаг, Шүтээний өндөрлөг хэмээх газарт 17 настай М-г хүчирхийлж, гэмт хэргээ нуухын тулд хэрцгийгээр бүрэлгэсэн юм.
Гэмт этгээд 2011 оны хоёрдугаар сарын 17-нд 16 настай Л-ыг хүчирхийлсэн, 2011 оны арваннэгдүгээр сарын 25-ны өглөө 17 настай П-д хутга тулган заналхийлж хөнөөхийг завдсан, 2011 оны арваннэгдүгээр сарын 29- нд 51 настай Ц-д хутга тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, 10000 төгрөгийг дээрэмдсэн аж. Тэрбээр аймгийн төвд эмнэлэгт хэвтэж буй эхнэр, хүүхдээ эргэхээр ирэхдээ дээрх гэмт хэргүүдийг үйлдээд буцдаг байсныг ЭЦГ-ын ажилтнууд эрэн сурвалжилсны дүнд илрүүлсэн юм.
Тус шүүхээс Ц.Батдэлгэрийг охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, гэмт хэргээ нуухын тулд М-г санаатайгаар бүрэлгэсэн, эд зүйл дээрэмдсэн, хүний амь хөнөөхийг завдсан гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноожээ.
Г.РАВЖАА