Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх анхан шатны журмаар өчигдөр дахин хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Түүнийг 0.523 кг героиныг хууль бусаар олж авч, хадгалан улмаар борлуулах зорилготой бусдад дамжуулсан хэрэгт буруутгаж буй. Өмнө нь Баянзүрх дүүргийн шүүх түүнд 11 жилийн хорих ял оноосон бөгөөд Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин Дээд шүүхийн шүүгчид уг асуудлыг хэлэлцээд мөрдөн байцаалтын явцад хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, гэрчээс дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Шүүх хуралд Ц.Улаанхүүг хар тамхи зарах гэж байгаа тухай мэдээлэл цагдаагийнханд өгсөн Д.Болдбаатар болон өөр нэг гэрч Н.Сайханцэцэгийг заавал оролцуулах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Данзанноров гаргасан юм. Шүүх тэднийг оролцуулахаар зарлан дуудах хуудас өгсөн ч тодорхойгүй шалтгааны улмаас хуралд ирээгүй. Тиймээс энэ сарын 26 хүртэл хойшлуулж, гэрчүүдийг заавал оролцуулахаар болжээ.